НҮҮДЭЛЧИН МОНГОЛ 2022- Соёлын биет бус өвийн их наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга билээ. Хүмүүний амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний соёл иргэншлийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг чухал хүчин зүйл юм.
Иймд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна.
Нүүдэлчин Дэлхийн Соёлын Фестивалийг зорин ирэхдээ үндэсний хувцсаа өмсөн ирж, нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагчдын 3 хүрээ, 30 өртөөг дамжин, орон нутгуудын онцлог бүхий соёлын өв, зан заншил, ёс уламжлалтайгаа танилцан үндэсний соёлын өвөөрөө бахархан, уламжлая
2022 оны 08-р сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Сайханы саравч.
Офицеруудын ордны автобусны буудлаас Горхи-Тэрэлж хүртэл 8.12-нд 1 цаг тутамд, 13-14-ний өдрүүдэд 30 минут тутамд нийтийн тээвэр үйлчилнэ.