Өнгөрсөн долоо хоногт Х.Ноорман Врайтын “Аавын охин байхсан” гэдэг номыг уншлаа. Энэ ном ерөнхийдөө эцгээс угтай сэтгэлийн шархыг хэрхэн эдгээх тухай өгүүлж байлаа. Төрсөн эцэг нь өөрийг нь хайрладаггүй, ээжийг нь зоддог, хэтэрхий их чанга хатуу үгээр загнаж цэргийн хатуу чанга дэглэм дунд байлгадаг байсан мөн төрснөөсөө хойш аавынхаа тухай юу ч мэдэхгүй олон хүмүүсийн түүх, жишээ энэ номоор дүүрэн байлаа. Эдгээрийн тухай унших зуурт энэхүү нийтлэлийг бичих санаа төрсөн юм.
Хүний амьдралд алдаа оноо, жаргал зовлон ээлжилж байдаг ч энэхүү хувь тавиланг арай өөр сонголт хийснээр өөрчилж болох ч юм шиг…
Эцгээс болж охидын зүрхэнд том хоосон орон зай үүссэн байдаг. Тэрхүү орон зайг хэн ч юугаар ч дүүргэж чаддаггүй. Учир нь хар нялхаасаа, төрсөн эцгээсээ авах ёстой байсан хайр, халамжийг үгүйлсээр насанд хүрсэн хойно нь ч сэтгэлийн шарх болон бугладаг байна. Ийм охид өөртөө итгэлгүй, бусдыг хайрлаж чаддаггүй ганцаардмал, бүхнийг өөрийнхөө төлөө хийхийн тулд өдөр, цаг хугацааг дэмий хоосон өнгөрүүлсээр л… Хэдийгээр энэ тухай тэд өөрсдөө мэддэггүй ч хаа нэгтээгээс тэрхүү хоосон орон зайг бөглөхийн тулд орлох хэн нэгнийг үргэлж хайдаг. Энэ нь эцэстээ тухайн хүний амьдралыг үрэн таран хийгээд зогсохгүй, зөв шудрага сайхан амьдралаар амьдрахад нь ч үргэлж саад болж байдаг. Гомдомхой, уйланхай, өөрийгөө голдог гэх мэт олон дутагдалтай болон өсөж торнидог. Мөн тэд тайтгарлаар сэтгэлээ дүүрэхийг үргэлж хүсдэг. Гэвч чаддаггүй. Хүмүүстэй сайхан харилцахыг хүсэх боловч өөрийгөө голох байдал нь эцэстээ тэднийг эргээд сэтгэлийн гүн зовлонд зүгээр л оруулж орхино. Үүнийгээ тэд хэзээ ч ойлгохгүй.
Хамгийн сэтгэл өвтгөмөөр зүйл нь сайхан хайрыг амсаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өөрийгөө голдог байдал, бусдаас тусгаарладаг байдал, хэн нэгэн өнгөрснөөс нь болсон шархыг нь сэдрээх вий гэснээс айж эмээсэндээ хэтэрхий дотогшоогоо болдог. Хэнд ч итгэж чаддаггүй. Сайхан хань ижилтэй болсон ч өнөөх сэтгэлийн айдас, дарамт, бодлууд эргэлдсээр л байх нь олонтаа. Ингээд тэдний хувьд салж, сарних нь энгийн үзэгдэл болчихно. Энэ нь тэдний буруу биш.
Таны ойр орчимд ийм зан чанартай хүмүүс байдаг уу? Та тэдний дотоод сэтгэлийн гүнд нь нэг нэвтрээд үзээрэй. Түүх үргэлжилсээр өнөөх төрсөн эцэг дээр төгсөх болно.
Төрснөөсөө хойш энэ хайраар дүүргэгдэгсэн охид бусдын өмнө нүүр бардам, итгэл дүүрэн алхаж чаддаг. Тэд бусдыг хайрлаж, халамжилан, алдар нэртэй болох тохиолдол олон. Тэгэхдээ энэ хорвоо дээр алддаггүй, харамсдаггүй хүн гэж хэзээ ч үгүй биз…Ийм төрлийн хүмүүст ч олон төрлийн асуудал бэрхшээл тулгардаг. Гэхдээ тэдэнд өөдрөг сэтгэл, амар тайван, хайр дүүрэн байдагт том утга учир оршдог…
Тиймээс энд миний өгүүлэхийг мөн анхааруулахыг хүсэж байгаа зүйл бол хүмүүс ухамсартайгаар, өөрийн хийж буй буруу үйлдлээ хязгаарлах. Өөрөөр хэлбэл гэр бүлийг сайтар төлөвлөж, эцэг эхийг хайраар үр хүүхдээ дутаахгүйгээр өсөн торниулах хэрэгтэй.
Зарим залуучууд эмэгтэй хүний амьдралаар дэндүү харамсмаар, тоглоом наадам хийж байгаа нь анзаарагддаг. Та бид үүнийг мэднэ. Энэ үйлдлээ зогсоох л хэрэгтэй. Учир нь хэн нэгний өнөөдрийн хийсэн саваагүйтлийн улмаас нэг, цаашлаад нэлээн хэдэн хүний амьдрал, ирээдүй орвонгоороо эргэж болохыг анхаарайсай. Хувиа хичээж, өнөөдрийн жаргалаар хүний амьдралын бүх л өдрүүдийн баяр жаргалыг хулгайлах хэрэгтэй гэж үү?
Аавгүй эсвэл ээжгүй өссөн хүмүүс амжилт гаргаад явлаа ч сэтгэлийн хоосон орон зайгаа бөглөхийн тулд л цаг хугацааг хий дэмий өнгөрүүлсэн байдаг. Би танд аминчлан захие. Өнөөдөр хийж буй өөрийн үйлдлийнхээ ирээдүйг сайтар төлөвлөөрэй…Аз жаргалтай гэр бүлийн эхлэлийг бат тавих нь чухал юм шүү.