Эртний Уйгарын хаант улсын нийслэл Ордубалык буюу Харбалгас хотын туурь нь Архангай аймгийн Хотонт сумын төвөөс зүүн урагш 25 орчим км зайд оршдог.
Уйгар Улсын хаан Пело нь Хар балгас хотыг 751 онд Хан балык /Орду балык/ нэртэйгээр үүсгэн байгуулжээ. Эл хот нь 50 хавтгай дөрвөлжин км талбай эзэлсэн, 412х491 метр хэмжээтэй хааны хэрэмт ордонтой маш том хот байжээ. Харбалгас хотын цайзат хэрэм, түүний хана туурга нь он цагийн уртад нэлээд нурсан боловч одоо цайз нь 12 метр орчим, хэрмийн төв хэсэгт байрлах харуулын цонж нь 14 метр орчим өндөр байна. Цайзат хэрмийн хойд болон урд талаар тусгай жижиг шороон цонжууд байсан бөгөөд хойд талын цонжууд нурж, урд талд 5 ширхэг үлджээ.
Харбалгас хотын туурыг Оросын эрдэмтэн Д.А.Клеменц, В.В.Радлов нар 19 дүгээр зууны сүүлийн хагаст удаа дараа шинжлэн судалж, эрдэм шинжилгээний тодорхойлолт хийж нийтэлсэн бөгөөд 1933-1934 оны үед Д.Букенич, 1949 онд С.В.Киселев, Х.Пэрлээ нар малтлага судалгаа хийсэн байна. 1891 онд Оросын түрэг судлаач эрдэмтэн Вильхельм Радловын удирдсан шинжилгээний анги Харбалгас хотын туурийн анхны дэвсгэр зургийг үйлдсэн байна.
Зөвлөлтийн археологич, профессор С.В.Киселевын удирдсан Монгол-Зөвлөлтийн шинжилгээний анги 1948-1949 онд Монгол оронд явуулсан археологийн судалгааны нэг хэсгийг Харбалгасын үлдэгдэл дээр хийсэн. Энэ тухайгаа “Зөвлөлтийн археологи” сэтгүүлийн 1957 оны 2 дугаарт нийтлүүлсэн “Монголын эртний хотууд” өгүүлэлдээ Харбалгаст хийсэн ажлынхаа тухай дурдсан байдаг.
Монгол- Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан шинжилгээний ангийн хээрийн судалгааны ажлын хүрээнд 1976, 1979 оны зун археологич Д.Цэвээндорж, Ю.С.Худяков нар Хар балгасын үлдэгдлийг шинжин үзэж, гол хэрэмт байгууламжийн тойм зураглал хийсний зэрэгцээ шавар вааран эдлэл голдуу түүвэр олдвор цуглуулсан байна.
1996-1997 онд Монгол-Японы хамтарсан “Бичээ” төслийнхөн, 2001, 2004 онд Казакстаны түрэг судлаач Базылханы Напилын удирдсан шинжилгээний анги тус тус судалгаа хийж гүйцэтгэсэн байна. 2009 оноос эхлэн Герда Хенкель сангаас санхүүжүүлж буй “Орхоны хөндий-Харбалгас“ хэмээх төсөл Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй нягт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж байна.
2007 оноос эхлэн Монгол-Германы хамтарсан Орхон судалгааны анги судалгаа шинжилгээ явуулж эхэлсэн ба түүнээс хойш одоог хүртэл тасралгүй судалгааны ажил хийж байна. Эдгээрээс 2018 онд явуулсан археологийн малтлага судалгааг онцолж байна. Энэхүү судалгаагаар боржин чулуун хавтанг зургаан тал гарган 12 үеэр өрж доторлосон худаг илрүүлэв.
Уг худаг нь 13 метр орчим гүнтэй байсан ба дотроос нь хятад бичигтэй, төмөр хэлтэй, хүрэл хонх олдсон бөгөөд түүнтэй хамт гантиг чулуун хос арслан, чий будагтай мод, алтан сав, хүрэл цоож, төрөл бүрийн шавар сав суулга зэрэг олдворыг олжээ. Эдгээр нь Монголд төдийгүй Зүүн Азид олдсон ховор олдвор гэж судлаачид үзэж байна.
Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.