Өнөөдөр 2022.03.15-ны өдөр. Нийтлэлээ бичихийн өмнө бяцхан бүтэлгүйтлийнхээ талаар дурдмаар санагдлаа. Өнөөдрөөс яг 7 хоногийн өмнө буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байв. Мэдээж баярын өдөр гэдэг утгаар нь ажлынхаа хажуугаар хэдэн төлөвлөгөө боловсруулчихсан, эхнээс нь ажил болгоод явж байв. Бусдын л адил цалингаас цалингийн хооронд амьдралаа зохицуулж явдаг л нэгэн. Эмэгтэйчүүдийн баяр гээд хөнгөн догдлолтой. Дансандаа шалихгүй ээ 175.000 төгрөгтэй. Хоёр дүүтэйгээ хоол идчихээд тооцоо хийх гэтэл дансны үлдэгдэл дээр асуудал үүсчихдэг байна шүү. Бүр арга ухаанаа олохгүй, ойлгохгүй дансаа шалгатал хэн нэгэн нөхөр байсан мөнгөөр маань баяр тэмдэглэчихсэн байх нь тэр. Яг энэ үед л банкны Visa Card-аа хаяснаа мэдэж, уйлах инээхтэй зэрэгцэн цагдаагийн 102 тусгай дугаарт дуудлага өглөө.
…Цагдаа нар тоохгүй ээ. Цагийн л гарз… Ингээд БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөхөөр болов. Баярын өдөр мөнгийг маань авсан тэр хүнд бухимдахдаа, мөнгөнөөс илүү хүнийг нь олох хүслээр дүүрч байв.
Энэ үед …цагдаа тоохгүй ээ, цагдаа нар чинь зүгээр дуудаад л юм шивдэг хүмүүс, өчнөөн үнэтэй юмаа алдсан хүмүүс сүүлдээ залхаад өргөдлөө буцаадаг гэсэн, чиний 100.000 төгрөгний төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй… гэх мэт үгнүүдийг мөн ч олон хүнээс сонслоо. Гэсэн хэдий ч бид ийм хүний нөмөргүй, мөсгүй муухай улсад амьдарч байгаа юм уу? Тэр хүнд хүний юманд дураараа хүрч болохгүй гэж эцэг, эх нь сургаагүй гэж үү? Үнэн хэрэгтээ тэр хүнд хүн чанарын лекц уншмаар санагдаж байсан.
…Яг үнэндээ… Цагдаагийн байгууллагынхны талаар муу, муухай, онцгүй болгоныг олонтаа сонсож байснаас, тэдний хийсэн сайн сайхныг нь анзаарч байсан нь цөөн аж. Яг үнэндээ би бусдын адил цагдаа нарт итгээгүй. Өмнө нь өчнөөн сая төгрөгөөрөө хохирсон, олон хүний нулимстай, шаналалтай түүхүүдийг сонсож, зэрэгцээд уйлж суусан цаг бий. Тухайн үедээ цагдаа нарыг нээрээ л юм шивэхээс өөр шидгүй гэж боддог байсан нь үнэн. Мэдээж хүн бүрт цагдаатай холбоотой янз янзын л дурсамж, түүх байдаг шүү дээ. Цагдаа цагийн найз гэж олон сонсож байлаа. Энэ мэт муулчилж үзэх хандлага дийлэнх шүү дээ.
…Гэтэл …Өнөөдөр Нөхцөл байдал өөр болчихсон байна. Би БЗД Цагдаагийн II хэлтэс дээр очиход тэнд ёстой нэг амьдрал буцалж байв. Зарим нь инээдтэй ч юм шиг. Зарим нь зэвүү төрүүлэм… Тас согтсон эгч агсам тавьж орилж уйлах, утсаа алдсан оюутнууд дийлэнх, хүүхэд гарч яваад алга болчихлоо хайгаад өгөөч гэх мэт буман асуудалтай хүмүүсээр дүүрэн жижиг заал. Хэсэг хүлээх зуурт найз нөхдийн хэлсэн өнөөх л үгнүүдээс гадна “би энд ямар новшоо хийж байгаа юм бэ?” Гэсэн өөрийн дотоод дуу хоолой, итгэлгүй бодлоо дарж ядан сууж байлаа. Явчихмаар бас явмааргүй эсвэл эцсийг нь үзэх гэсэн бодлууд өөд өөдөөсөө арсалдсаар… Хэсэг хугацааны дараа нэг бухимдуу ах мэдүүлэг авч эхэллээ. -За яахав. Энэ хүртэл явчихсан юм чинь эцсийг нь үзнэ дээ гэсэн бодол зурвасхийж, мэдүүлгээ өгөөд л гарлаа. Анх 102 тусгай дугаарт дуудлага өгөхөд ирж байсан шиг мэссэж дахин ирэв. “Таны гаргасан гомдол, мэдээллийг **** дугаарт бүртгэн шалгаж байна. БЗД ЦГ ЦХ-2 хэлтэсийн байцаагч, дэслэгч М.Өнөр” гээд холбоо барих дугаарыг нь бичсэн байв
Надад хамгийн ихээр таалагдсан зүйл нь энэ байлаа. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа үнэхээр сайжирч буйн тод илрэл гэж би хувьдаа дүгнэсэн. Өмнө нь хаана? Юу? Яаж байгаа нь тодорхойгүй байж байснаа гэнэт залгаад л загнаад байдаг цаг өнгөрсөн бололтой. Нэлээн хэдэн жилийн өмнө цагдаагийн байгууллагын цэвэрлэгч нь хүртэл “бурхангүй газрын буг галзуурна” гэгчээр замдаа таарсан хүн бүрийг зандчиж байхыг харж л байлаа. Маргааш нь дахин өөр байцаагчид шилжсэн тухай мессэж ирэв. Төд удалгүй өнөөх байцаагч нь шалгалтын явцад хэрэглэх нэг материал аваад ирээч гэв. Яваад очтол уулзах боломжгүй байсан учир царай зүсийг нь ч харж чадсангүй. Ингээд яг энэ цаг мөчөөс миний 100.000 хэдхэн төгрөг олдох байх гэсэн итгэл бүрэн замхран алга болсон юм. Хүмүүсийн олон сая төгрөгний хохирлыг олдоггүй гэсэн. Тэгж байхад миний ийм бага хэмжээний мөнгөний төлөө цагаа зарцуулаад хайгаад явна ч гэж юу байхавдээ гэж бодогдсон доо. 1,2,3,4…хоног, хугацаа өнгөрөх тусам энэ тухай бодохоо болив.
Утас дугарав… Яагаад ч юм мэдэхгүй, цөл газарт хур бороо орсон юм шиг л тийм мэдрэмж төрсөн. Ойрын хэдэн стресстэй өдрүүдэд баярлуулсан хамгийн сайхан дуудлага энэ байлаа. “-Таны картыг ашигласан хүнийг олсон. Та ирж хохирлоо барагдуулна уу?” Бүр нэг цаанаасаа л инээд хүрнэ гэдэг энэ байхдаа. Цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлснээс хойш яг 6 дахь хоног дотор миний асуудлыг шийдвэрлэсэн. БЗД Цагдаагийн газрын II хэлтэсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 4 хороон дээр яваад очтол М.Өнөрсайхан гэж дөлгөөхөн, нүдээрээ инээсэн байцаагч хоёр хүний хамт сууж байлаа. Миний сенсацитай хэдэн өдөр ийнхүү өндөрлөж, эцэст нь би гэдэг хүн энэ хүмүүсийн талаар эндүү ташаа боддог байснаа эргэцүүлж хэсэг бодов. Ер санаанаас гарахгүй бодогдсоор л…
Бага зүйлд итгэмжтэй хүнд ихийг хариуцуул…
Өмнө нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хүмүүстэй хэд хэдэн удаа хамтарч ажиллахад харьцангуй нээлттэй, хүндэтгэлтэй болсон мэт санагдаж байсан. Гэхдээ надад тохиолдсон үйл явдал болон хамтарч ажилласан хоёрын хооронд тэнгэрийн зааг мэт ялгаа бий. Энэ хүртэл бодлыг маань өөрчлөх үйл явц огт тохиож байгаагүй нь мэдээж. Бүр цагдаагийн байгууллагын хэрэг илрүүлэлтийн талаар судалж ч үзэв. Сэтгэл сэрдхийлгэх, үнэхээр ийм зүйл байдаг гэж үү? Гэж дуу алдмаар гэмт хэргүүд олон байлаа.
Нийслэлд гарсан гэмт хэргүүдийн дийлэнх нь Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн байх юм. Бусад дүүргүүдээс мянган тоогоор илүү байгааг харахад сэтгэл эмзэглэмээр.. Гэхдээ өөр нэг ажиглагдсан зүйл нь бусад дүүргийн хэмжээнд гэмт хэргийн тоо, гаралт харьцангуй бага хэдий ч Баянзүрх дүүрэг гэмт хэргийн гаралтыг бууруулсан үзүүлэлтэй байв. Эндээс би БЗД Цагдаагийн II хэлтэсийн байцаагч дэслэгч М.Өнөрсайхан шиг ажилдаа чинь сэтгэлээсээ ханддаг албан хаагч олон байхад иргэд аюултгүй, тайван амьдрах боломжоор бүрнээ хангагдаж чадах юм байна гэсэн бодол хөврүүлсээр.
Цагдаагийн байгууллага ийм хүмүүсийнхээ цол, хэргэмийг харамгүй нэмэгдүүлдэг байгаасай.
“Ойн мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай”.
Цагдаагийн байгууллагын албан хаагч бүр яг түүншиг иргэдэд ижил, эрх тэгш ханддаг байгаасай. Ямартай ч миний асуудлыг их, бага гэж ялгалгүйгээр богино хугацаанд шийдвэрлэж, шударга, зарчимтай ажилласан БЗД-ийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 4 хорооны хамт олонд талархал илэрхийлье. Ялангуяа дэслэгч, М.Өнөрсайхан танаа гүнээ талархаж байна.