МУУГЗ, сийлбэрийн урлагийн нэрт мастер С.Сэнгээ агсны 100 жилийн ойд зориулсан “Урлахуйн гайхамшиг” тусгай үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлээ.
Тус үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээс гадна Монголын Үндэсний музей, Улаанбаатар хотын музей, Өвөрхангай аймгийн музей болон хувийн цуглуулгуудаас тус тус дээжлэн нийт 30 гаруй бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож буй юм.
МУУГЗ С.Сэнгээ нь жижиг хэмжээний бэлэг дурсгалын бүтээл урладаг байсан Монголын сийлбэрийн урлагийн хэвшмэл байдлыг эрс өөрчилж өөрийн ур ухаан, уран яруу илэрхийлэл, зохиомж бэлгэдлийн тансаг дүрслэлээрээ олонд гайхагдаж улмаар дэлхийд Монгол уран сийлбэрийн гайхамшгийг таниулсан гавьяатан гэдгийг онцолж дурдах нь зүйтэй. Мөн тэрээр Монголын сийлбэрийн урлагийн сэдэвт бүтээлийн төрөлд томоохон өөрчлөлт шинэчлэлтийг авчирснаар барахгүй зааны соёо, мод зэргийг ашиглан том хэмжээний бүтээлүүд туурвиж байснаараа С.Сэнгээ Монголдоо том хэмжээний сийлбэрийн урлагийг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан чимэглэх урлагийн нэрт зүтгэлтэн билээ.
Түүний бүтээлүүдэд монголын уламжлалт хээ угалз, хийсвэр сэтгэлгээний гайхалтай дүрс зураглал, үйл явдлыг өгүүлсэн уран яруу илэрхийлэл, бэлгэдэлт дүрслэлийн шинэ хэв маяг уран нарийн хийцтэй дүрслэгдсэн байхаас гадна бүтээл бүрийнхээ онцлогоос шалтгаалж сийлбэрийн багажуудаа өөрөө хийж бэлддэг байжээ.
Түүний бүтээлүүдээс дурдвал, Улс хувьсгалын 50 жилийн ойд зориулан зааны соёогоор хийсэн “Бөхийж үзээгүй туг” /далбаа/, ”Энх дэлхий” /зааны соёоны ясан 9 давхар бөмбөлөг/, “Баян байгаль” модон сийлбэр, “Цэцэглэн хөгжиж байгаа Улаанбаатар” /зааны соёо/ гэх мэт олон сор бүтээл бий.
С.Сэнгээг урлаг судлаачид гар, ухаан хийгээд харааны гурван ур тэгширсэн, ардын урлагт тогтсон байсан сийлбэрийн тиг жаяг, хэмжээг эрс өөрчлөн бүтээлүүдээ туурвиж, Монголын дүрслэх урлагт сийлбэрийн урлаг гэх үндсэн мэргэжил хөгжихөд нөлөөлсөн хүн гэж үздэг ажээ.
Үзэсгэлэн энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг