Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ орчныг бүрдүүлэх үүрэг хүн бүхэнд бий. Тиймээс “Хүн бүр хүүхдүүдийн аюулгүй ирээдүйн төлөө бага ч гэсэн хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо өргөдөг байгаасай” гэх хүслээр энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна.
Санаачлагч: Эерэг эрин зуун ТББ харьяа- Show Mongolia Digital Media-ийн залуус
Оролцон Дэмжигч байгууллагууд: Нийслэлийн цагдаагийн газар, Хүүхдийн тусламжийн утас 108 төв, Монголын театрын музей, Байгалийн түүхийн музей
Зорилго: Хүүхэд бүрт зүрхний чин хүсэл бий. Нийгмийн олон хүчин зүйлээс /амьдралын түвшин, өнчрөл, эрүүл мэндийн асуудал/ хамаарч хүүхдийн хүсэл, сонирхол хязгаарлагддаг. Гэхдээ энэ бүхнийг даван туулж, хязгаарлагдмал байдлын цаана сайхан ирээдүй тэднийг хүлээж буйг тэдэнд ойлгуулахыг хамгийн ихээр хүсэж байна. Нөгөө талаас нийгэм, томчууд, эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдүүдийг эрүүл аюулгүй амьдарч, суралцах нөхцөлөөр хангах хамгийн чухал үүргийг хүлээдэг. Энэ үүргээ ч хамтдаа “бүрэн” биелүүлдэг байцгаая хэмээн уриалж байна.
Энэ хүрээнд Show Mongolia Digital Media-аас хүүхдийн боловсрол, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн ажилладаг байгууллагуудын дуу хоолойг олон нийтэд хүргэх, тэдний туршлага зөвлөмжийг олон нийтэд хүргэхийг зорьж энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Мөн сүүлийн үед цаг үеийн байдалтай холбоотойгоор тэдний маань “бяцхан хүслүүдийг үгүй хийж” буй томоохон асуудал бол цахим орчин, сургууль цэцэрлэг болон гэр бүлийн хүрээнд гэх зэрэг хүүхдийн амьдрах амин орчинд тэдний эрх өдөр тутамд ноцтойгоор зөрчигдөж, ил далд хэлбэрээр хүүхдийн хүчирхийлэл нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Иймээс холбогдох мэргэжлийн байгууллагуудыг танилцуулах, мөн иргэд эдгээр байгууллагуудтай хэрхэн уялдан ажиллах боломж байгааг мэдээлэхийг зорилоо. Сошиал орчноос, нийгмийн ороо бусгаа байдлаас үр хүүхдээ хамгаалцгаая.
Энэ хүрээнд хийгдэх ажил: Амьдрах орчин таатай бус, өрх толгойлсон, хотоос зайдуу амьдардаг зорилтот бүлгийн хүүхдүүдэд нэг өдрийг дурсамжтай, өөдрөг, эерэг хүрээлэлд өнгөрөөхөд хөтлөн тэдэнд урам өгөх. Багачуудад урлагийн үзүүлбэр үзүүлэх /дуу бүжиг, цирк/, музейн жижиг аялал хийх /Байгалийн түүхийн музей, Монголын театрын музей, Монголын үндэсний музей/. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх арга хэмжээ /Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүүхдийн 108 төв, Сэтгэл судлалын төв, / Ирсэн хүүхдүүдэд сайн дурын гишүүдийн бэлдсэн гарын бэлэг гардуулах.
“Show Mongolia Digital Media” нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөн хүүхэд хамгааллын олон талт үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Цаашид энэ тал дээр эерэг контентоор дамжуулан эерэг мэдээллийг хүргэсээр байх болно.
Хугацаа: 2021.12.17-нд 14:00 цагт Сүхбаатарын талбай СТӨ Монголын театрын музейд