ЛОНДОН. /BBC/. Дэлхийн хүн амын тоо долоон тэрбумд хүрснээсээ хойш ердөө 11-хэн жилийн дараа найман тэрбумд хүрч байгаа талаар НҮБ мэдээлсэн билээ.
XX дугаар зууны дунд үеэр хурдацтай нэмэгдсэн дэлхийн хүн амын өсөлт хэдийнээ саарч эхлээд байгаа юм
Цаашид дэлхийн хүн амын тоо есөн тэрбумд хүрэхэд 15 жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байгаа бол 2080 он хүртэл 10 тэрбумд хүрэхгүй хэмээн НҮБ таамаглаж байна.
Дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн тоог нарийвчлан тооцоход хүндрэлтэй байдаг тул НҮБ тоон үзүүлэлт нь нэг, хоёр жилээр хоцорч байх магадлалтайг хүлээн зөвшөөрч байгаа ажээ.
Гэхдээ дэлхийн хүн амын тоо 11 дүгээр сарын 15-ны өдөр найман тэрбумд хүрнэ гэдгийг хамгийн зөв тооцоо гэж үзэж байна.
Урьд жилүүдэд НҮБ тав, зургаа, долоон тэрбум дахь хүүхдүүдийг төлөөлөх нярайг сонгож байв. Тодруулбал, 1987 оны долоодугаар сард Хорватын нийслэл Загреб хотод төрсөн Матей Гаспар дэлхийн таван тэрбум дахь хүүхэд болж байжээ.
Энэхүү явдлаас хойш 35 жилийн хугацаа өнгөрч, гурван тэрбум хүүхэд манай дэлхийд шинээр төрсөн байна. Харин ирэх 35 жилийн хугацаанд дэлхийн хүн ам ердөө хоёр тэрбумаар нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд түүнээс цааш огцом өсөлт ажиглагдахгүй бололтой байна.
Босни-Херцеговин улсын нийслэл Сараево хотод 1999 онд төрсөн Аднан Мевич өдгөө 23 нас хүрчээ. Төрснийх нь дараа түүнийг НҮБ-ын тэргүүн агсан Кофи Аннан дэлхийн зургаан тэрбум дахь хүүхдээр загалмайлсан байна. А.Мевичийн хувьд 23 жилийн дотор дэлхийн хүн ам хоёр тэрбумаар нэмэгдсэн нь үнэхээр гайхалтай хэмээн ярьжээ.
Бангладешийн нийслэл Дака хотоос холгүй 11 настай Садиа Султана Ойши хэмээх охин гэр бүлийнхээ хамт амьдардаг. 2011 онд төрсөн тэрбээр дэлхийн долоон тэрбум дахь хүүхдүүдийн нэгээр нэрлэгджээ. Түүнийг төрснөөс хойш Бангладешийн өсөн нэмэгдэж буй хүн амд 17 сая хүн шинээр нэмэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ