Засгийн газрын маргаашийн хуралдаанаар орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг оруулах бэлтгэл хангуулах хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан хуралдлаа.
Зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй олгосон байдаг. Тус иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх талаар Шадар сайд С.Амарсайхан хөндөж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэснийг Засгийн газарт танилцуулахаар тогтлоо.
Түүнчлэн 2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргаад байсан. Энэ хүрээнд Монголбанкаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, БХБЯ яаралтай шийдэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгалаа.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ