Үрийнхээ төлөө халуун гал руу хүртэл харайж ороход бэлэн тийм эр зориг зөвхөн эх хүнд бий гэдэг. “Хүүгээ эрүүл болгох миний чин хүсэл”… хэмээн хоёр нүдэндээ нулимстай хоолой зангируулан ярих бүсгүй бол Byambaa Tumurchudur
Б.Төмөрчөдөр. 11 жилийн өмнөх тэр нэгэн өдөр хүүгээ төрүүлэхээр эмнэлгийн орон дээр хэвтэж байхад эх баригч эмч алдаа гаргаж, багажаар татахдаа тархиных нь бүх заадлыг зөрүүлж, духыг нь цөмөлснөөс харвалт өгчээ. Өнөөдөр 11 нас хүрсэн хүүд “Ээжээ” гэж хэлэх гэнэхэн, гэгээхэн хүсэл бий ч хэтэрхий холын мөрөөдөл. Тэр ярьж чадахгүй. Алхах нь битгий хэл сууж ч үзсэнгүй. Ээжийнхээ дэргэд, эмчилгээ, асаргааны хүчинд 11 жилийг ард гарсан нь энэ юм.
Анхны төрөлт гэдэг эмэгтэй хүн бүхэнд хүнд даваа, туршлага дутна. Зааж зөвлөөд болохгүй бол, бүр цаашлаад эх, нярайд халтай бол хийсвэр хийхээс өөр аргагүй. Гэвч эмч нарын зүгээс өөрөөр нь төрүүлэхийг илүүд үзэж, өөдөсхөн үрд алдаа гаргаснаас өнөөдөр тэр хүн байх зүй ёсны эрхээ бүхэлд нь “тушуулжээ”. Хэрвээ эмч нар Б.Төмөрчөдөрт, хүүд нь хүн ёсоор хандсан бол өнөөдөр тэд…
Сонсоход, бичихэд, уншихад сэтгэл зурж, зүрх зүсэх ч тэрүүхэн хугацаанд болоод өнгөрсөн явдлын дараа Б.Төмөрчөдөр гуниглаж, харуусаад хойш суухыг хүссэнгүй. Төдийгөөс өдий хүртэл хүүгийнхээ дэргэдээс холдоогүй тэрбээр төрүүлсэн үрээ хүний дайтай хүн болгохын төлөө тэмцэж, тэвчиж тэсч явна. Гурван хүүхдийн ээж Б.Төмөрчөдөр шүр сувд хэлхэж, ээмэг зүүлтнээс гадна гэрийн нөхцөлд цэмцгэр орчинд бялуу, амттан хийнэ. Мөн ахуйн хэрэглээний саван, лаа хийж эхэлжээ.
Төрөөд дөнгөж хоёрхон сартай ээжид хэтэрхий ахадсан ачаа ч хүүгээ эмчилж, хөлд дээр нь босгох эх хүний хүсэл түүнийг ийн хөтөлсөн байна. Хүүгийнхээ төлөө өдөр шөнийг үл ажран хөдөлмөрлөж, эмчилгээнийх нь зардлыг олно гэдэгт тэр итгэдэг.
Төв аймгийн Заамар суманд хүүхэд насаа өнгөрүүлсэн Б.Төмөрчөдөр математикт дуртайгаас гадна “Базарваань багш шигээ сурган хүмүүжүүлэх их үйлст зүтгэнэ” гэж боддог байсан багын мөрөөдөл нь биелж, МУБИС-д суралцаж төгсчээ. Өдгөө Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуульд математикийн багшаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авчээ.
Амаржсаныхаа дараа ажилдаа эргээд орох гэсэн ч хүүгийнх нь бие эрс муудсанаар асаргаа шаардлагатай болжээ. Хүүгээ асрахын хажуугаар гар урлалын бүтээгдэхүүн хийж бусдад борлуулах бодолтойгоор ном худалдаж авч, уншиж судалжээ. Интернэтээр хайлт хийж, хэрхэн хийх талаар чамгүй мэдээлэл цуглуулсан гэнэ. Материалаа худалдан авч, туршилтаар олон дахин хийсний эцэст овоо дөртэй болсон байна. Хийц сайжрахын хэрээр урамшиж, өөрөө хэрэглэж үзэхэд сэтгэлд нь нийцжээ.
Гараас гаргах бүтээл нь өдөр тутамд өргөжиж саван лаа хийхийн зэрэгцээ хүзүүний зүүлт, ээмэг, бөгжний хослол хийж эхэлсэн байна. Хүүд асаргаа шаардлагатай. Нялх хүүхэд шиг харж хандахаас гадна өндөр үнэтэй эм байнга хэрэглэнэ. Өөрийнхөө болон ээжийнхээ монетан ээмгийг ломбардаж, бүтээгдэхүүнийхээ материалыг авч байсан үеэ бодоход эргэлтийн хөрөнгө нь харьцангуй нэмэгджээ.
“Би материалаасаа хаягдал ч гаргахыг хүсддэггүй. Хүний хэрэгцээнд нийцэх гоёл чимэглэлийг хийхийг зорьдог. Өөрийгөө дэлгүүрт орж буй хүнээр төсөөлөөд, сонголт багатай бол орлого бага байна. Хэрвээ олон төрлийн сонголттой байвал тэр хэрээр борлуулалт нэмэгдэнэ гэж бодоод төрлөө нэмдэг. Ган бэлдэц дээрээ өнгө загвараа тохируулж, хүзүүний зүүлт бугуйвчаа шүр, сувдтай хослуулж хэлхдэг” гэдгийг Б.Төмөрчөдөр онцлов.
Цурам хийхгүй хонох үе түүнд цөөнгүй. Хүүгээ асрахын хажуугаар энэ бүхнийг амжуулна гэдэг бурхан түүнд тэсвэр тэвчээрийг ёстой л харамгүй хайрласан мэт. Хэлж, ярьж буй бүхнээс нь хүүгээ гэсэн далай мэт дундаршгүй хайр л мэдрэгдэнэ. “Босч, алхаж, гүйж чадахгүй юм гэхэд эмчилгээ хийлгээд үр минь ядаж сууж, толгойгоо даадаг болчихвол гэж хүсч, залбирдаг. “Ээжээ” гэж дуудаж чадахгүй ч бид хоёр харцаараа ойлголцдог” гэв.
Б.Төмөрчөдөр бүтээгдэхүүнийхээ үнэлгээг орц материал, ажиллагаа орсноос хамаарч тогтоодог. Хүү нь өдөр бүр өвчинтэйгээ тэмцэлдэж байгаа учраас хурдан борлуулж, орлогоо хуримтлуулан, хагалгааны төлбөрийг бүтэн олох нь чухал. Учир нь, цаг хугацааны урсгал бүхэн тэдний хувьд үнэ цэнэтэй. “Их хэмжээний захиалга авч чадахгүй байгаа. Олон хүнд таалагдаасай гээд төрөл бүрийн загвар гаргасан. Барааны үлдэгдэл гарна гэдэг нь миний ашиг түгжигдэхээс өөрцгүй. Хэрвээ хүү минь эрүүл саруул байсан бол үлдэгдэл гарахыг тоохгүй. Даанч хүүгийнхээ амь насыг аврахын тулд санаа зовж суудаг юм” гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Эмчлүүлэх боломж олдвол хүүгээ эдгээчихээд багшийнхаа ажлыг хийж, ирээдүй хойч үеийнхээ боловсролд сэтгэл, зүтгэлээ зориулах хэтийн зорилго түүнд байна. Түүнээс авсан худалдан авалт бүр хөөрхөн хүүг нь эрүүл болгож, эмчилгээнд явахад дэм болохоос гадна таны чин сэтгэлийн тус тэднийг элэг бүтэн эсэн мэнд амьдрах боломжийг олгох болов уу. Буян буцаж ирэхдээ бороо мэт асгардаг. Та бүхнээсээ далайд дусал нэмэрлэхийг хүсье! #Дэлгэрэнгүйгhttp://uzeg.info/i/2197 сайтаас уншаарай.
С.Ичинхорлоо
Түүнд захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/%D0%91%D1%8D%D1%80%D1%85%D1%88%D1%8D%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%86%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B0-%D0%B1%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3-106593150798141/ пэйж хуудсаар холбогдоорой.
Утас; 88808917
#Б.Төмөрчөдөр; Хаан банк 5024496334
Эх сурвалж: Брэнд бүтээсэн бүсгүйчүүд хуудас