ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Олон улсын сансрын станц руу /ОУСС/ дараагийн баг бүрэлдэхүүнээ “Crew Dragon” сансрын хөлгөөр энэ сарын 26-ны өдөр илгээхээр товложээ.
Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгийг “Falcon 9” пуужингаар хөөргөнө. Уг хөлгөөр сансрын станц руу “NASA”-гийн зургаа дахь багийг илгээх гэж буй нь энэ юм.
Энэхүү багийн бүрэлдэхүүнд “NASA”-гийн сансрын нисгэгчид болох Стивен Боуэн, Уоррен Хобург, мөн АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Алнеяди, ОХУ-ын “Роскосмос”-ын сансрын нисгэгч Андрей Федяев нар багтах ажээ.
“Crew-6” багийнхан сансар судлалын төвөөс хөөрснөөсөө хойш ойролцоогоор 23 цагийн дараа ОУСС-ын “Harmony” модульд залгагдана гэж “NASA” мэдээлжээ. Багийн гишүүд сансрын станц руу нисэхдээ бэлтгэн өнгөрсөн ням гаргаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай тусгаарлагдсан байна.