ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ “БААВГАЙ БОЛОХСОН” КИНО КАННЫН КИНО НААДАМД НЭР ДЭВШЛЭЭ

“БААВГАЙ БОЛОХСОН” КИНО КАННЫН КИНО НААДАМД НЭР ДЭВШЛЭЭ

by admin

Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадмын 2023 оны “Un Certain Regard” төрөлд “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” кино албан ёсоор нэр дэвшиж буйг Каннын кино наадмаас зарлалаа.

Ингэснээр “Амигдала фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх удаа Каннын кино наадамд нэр дэвшиж байна.

“Un Certain Regard” төрлийг 1998 оноос хойш Каннын кино наадмын албан ёсны сонгон шалгаруулалтын нэг хэсэг болгосон бөгөөд шинээр гарч ирж буй кино найруулагчдын дэлхийн кино зах зээлд танигдах хөшүүрэг болох үүднээс бүрэн хэмжээний анхны, эсвэл удаах киногоо бүтээсэн найруулагчдын киног нэр дэвшүүлдэг юм.

“Баавгай болохсон” кино Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүгийн амьдрал, түүний физикийн авьяасдаа тулгуурласан сайхан ирээдүйн төлөөх тэмцэл, өнөөгийн Улаанбаатар хотын олон бэрхшээлийг агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн харуулжээ.

Тэрбээр энэ талаар өмнө нь ярихдаа “…Баавгай болохсон” киногоор агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөхийг хүссэн. Бид утаагаар амьсгалдаггүй, бид ахан дүүсийнхээ ядуурлаар амьсгалдаг. Гэр хорооллын арын энгэрт хэн ч дуртайдаа нүүрс түлдэггүй. Хүмүүс дулаан хонохын тулд нүүрс түлж байгаа. Өнөө шөнө дулаан хонож амьд үлдэх үү, эсвэл эрүүл агаараар амьсгалж байгаад үхэх үү гэдэг сонголт дунд 220 мянга гаруй өрх амьдарч байна. Гэсэн ч зарим нэг хэсэг нь үүнийг ойлгодоггүй. Өөрсдийнх нь хүүхдийг хордуулах гээд “покрышка” түлдэг гэж ойлгодог. Утаагүй нүүрс гараад л асуудлаа шийдчихсэн мэт хандаж байгаа ч арын энгэрт амьдарч байгаа хүнд утаатай эсэх нь, эсвэл покрышка түлэх эсэх нь хамаагүй шүү дээ. Машины тос, ундааны саваа түлнэ. Тэр асуудлыг би хөндөхийг хүсэж энэ киног эхлүүлсэн. Энэ кинонд 15 настай хүүгийн тухай гардаг. Ядуурлын тойрогт эргэлдэж байгаа хүүгийн тухай кино юм. Ядуурал хүнийг намаг балчиг шиг барьсан байдаг. Энэ амьдралаас хүүхдүүдийг юу гаргаж чадах вэ гэхээр, сайн боловсрол л юм. Ердөө л сайн боловсрол ядуурлаас гаргаж чадна. Гэтэл амьдралын боломж хомс хүүхдүүдэд сайн боловсрол тэгш олдож байгаа юу. Миний “Шинэ Монгол” сургуульд авсан шиг боловсрол яагаад тэдгээр хүүхдүүдэд олдохгүй байгаа вэ гэдэг асуудлыг би хөндөж гаргахыг хүссэн юм.

Ковидын үед ерөнхий боловсролын сургуулиудыг хамгийн түрүүнд хааж, хамгийн удаан хугацаанд хөл хорьсон. Гэтэл түлэх нүүрсгүй хүүхдүүдэд зурагт байхгүй шүү дээ. Юун гар утас, юун дата! Гэтэл коронавирусээс үүдэн боловсролын тэгш бус байдал бүр их ялгаа заагтай боллоо. Ирээдүйд ядуурлаас гарах боломж нь улам алсарлаа. Ходоодны мухраас хатгана гэдэг шиг би тэр хүүхдүүдийн өмнөөс энэ киногоороо дамжуулж орилмоор байна” гэж ярьсан юм.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 2-р сарын 16-ны өдөр “Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” тогтоолыг баталж, өнгөрсөн оноос Монгол Улсын кино уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр Каннын кино наадамд оролцох боломжтой болсон юм.

Улмаар өнгөрсөн жилээс эхлэн Кино урлагийн зөвлөлөөр дамжуулан “Каннын кино наадам”-ын дэргэдэх “March Du Films” платформд Монголын арилжааны болон арт хаус шинэ бүтээлийг сурталчлах талбайг Соёлын яам албан ёсоор ажиллуулж эхэлсэн. Мөн Каннын наадмын үеэр Кино урлагийг дэмжих тухай хууль, эрх зүйн орчин, дотоодын кино салбарын хөгжлийг сурталчлах, олон улсын продакшн, уран бүтээлчидтэй хамтран ажиллах асуудлаар олон талт уулзалт зохион байгуулсан юм.

“Un Certain Regard” төрөлд сонгогдсон кино жагсаалт:

LE RИGNE ANIMAL by Thomas CAILLEY – Opening Film 

LOS DELINCUENTES by Rodrigo MORENO

(THE DELINQUENTS)

HOW TO HAVE SEX by Molly MANNING WALKER  |  1st film

GOODBYE JULIA by Mohamed KORDOFANI  |  1st film

KADIB ABYAD by Asmae EL MOUDIR

(THE MOTHER OF ALL LIES)

SIMPLE COMME SYLVAIN by Monia CHOKRI

CROWR by Joгo SALAVIZA, Renée NADER MESSORA

(THE BURITI FLOWER)

LOS COLONOS by Felipe GБLVEZ  |  1st film

(THE SETTLERS)

OMEN by Baloji TSHIANI  |  1st film

THE BREAKING ICE by Anthony CHEN

ROSALIE by Stéphanie DI GIUSTO

THE NEW BOY by Warwick THORNTON

IF ONLY I COULD HIBERNATE by Zoljargal PUREVDASH  |  1st film

HOPELESS by KIM Chang-hoon  |  1st film

TERRESTRIAL VERSES by Ali ASGARI, Alireza KHATAMI

RIEN А PERDRE by Delphine DELOGET  |  1st film

LES MEUTES by Kamal LAZRAQ  |  1st film

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00