Япон улсын Осака хотод зохиогдсон “Osaka International Chamber Music Competition & Festa” олон улсын мэргэжлийн цөөхүүл хөгжимчдийн уралдаанаас “Тэнгэр аялгуу” хамтлаг “Гран при”, “Үндэсний хөгжмийн шилдэг хамтлаг”, “Цахим үзэгчдийн шагнал” -ыг тус тус хүртлээ.






Тэд дэлхийн 30 гаруй улсын 84 хамтлаг оролцсон тус уралдаанд Монголын болон дэлхийн сонгодог 15 бүтээлийг тогложээ.
Үүнээс “Монголын нууц товчоо”-оос сэдэвлэсэн “Нууцын эхлэл” бүтээлийг онцолж болох юм. Мөн дэлхийн сонгодог хөгжмийн зохиолч Жорж Бизегийн “Кармен” дуурь, Моцартын рондо бүтээлүүдийг ардын хөгжмөөр хөгжимдөж оролцсоноор онцлог байлаа.
Сүүлийн 3 шатны шалгаруултад АНУ, Франц, Герман, Австри, Англи, Швейцарь, Япон, ОХУ, Молдав, Нидерланд зэрэг орны шилдэг 12 хамтлагтай өрсөлдөн үнэмлэхүй оноогоор тус наадмын тэргүүн шагналыг авлаа.
Тэнгэр Аялгуу хамтлаг Гран при шагналын эзэн болсноор 2025 онд Япон улсыг тойрон аялж тоглолт хийх эрхийн эзэд болсон юм.