АНУ-д хураагдсан Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын ажиллагаа 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Конгрессын номын санд болсон байна.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын талаас Дотоодын аюулгүй байдлын яамны мөрдөн байцаах агентлагийн захирал Катрина Бэргер болон Конгрессын номын сангийн дэд захирал Ханна Сомерс тэргүүтэй 70 гаруй төлөөлөгч оролцжээ.
АНУ-ын Засгийн газрын зүгээс манай улсад энэ удаад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгчээ. Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байна. Энэ нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор тул цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг судлаачид онцолжээ.
Палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйл болох түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан оролцдог бөгөөд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаах ажилд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа аж.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхэлж, Монгол Улс анх удаа АНУ-ын хилээр хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг олдворуудыг 2013 онд хүлээн авч байжээ. Түүнээс хойш 2014, 2016, 2019 онд үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн аваад байв. Энэ удаа ийнхүү 16 олдворыг буцааж авч байгаа юм байна.