Марокко улсын Дотоод хэргийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2012 хүн амиа алдаж, 2059 хүн гэмтэж бэртсэнээс 1404 хүний биеийн байдал хүнд байна.
Баасан гаргийн орой тус улсын өмнөд хэсэгт Марракеш хотоос 80 километрийн зайд 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөлт судлалын төвөөс (EMSC) өмнө нь мэдээлсэн юм. 19 минутын дараа дахин 4.9 магнитудын хүчтэй чичирхийлжээ.
Мароккогийн Геофизикийн төвөөс мэдээлснээр, Атласын нурууны бүсэд 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Харин АНУ-ын Геологийн алба газар хөдлөлтийн хүчийг 6.8 магнитуд гэж тооцоолж, 18.5 км-ийн гүнд харьцангуй гүехэн гүнд болсон гэж мэдээлсэн юм.
Газар хөдөлсөн уулын бүс нь Марракеш хотоос баруун өмнө зүгт 70 орчим км зайд оршдог байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 23:00 цаг өнгөрч байхад болж, эрэг хавийн Рабат, Касабланка, Эссауира хотуудад мэдрэгджээ.
Байгалийн гамшгийн улмаас Марракешт 1985 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан дундад зууны үеийн алдартай хорооллын (медина) олон барилга нурсан байна. Марракеш бол олон улсын ач холбогдолтой аялал жуулчлалын төв бөгөөд тус улсын соёлын нийслэл юм.
Мароккогийн хаан VI Мохаммед тус улсад гурван өдрийн гашуудал зарлаж, төрийн далбааг хагас бөхийлгөхийг үүрэг болгожээ. Аймшигт газар хөдлөлтийн уршгийг арилгахад олон улс орон Мароккогийн эрх баригчдад тусамж үзүүлэхэд бэлэн байгаагаа хэдийн илэрхийлээд байна.