БНХАУ-ын Ханжөү хотод Азийн зуны спортын IV пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болно.
Азийн зуны спортын IV пара наадамд 44 орны 3780 тамирчин спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөхөөр хуран чуулсан бөгөөд манай улсаас жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон гэсэн спортын 14 төрөлд 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм.

Өчигдөр тус наадмын нээлтийн ёслол болж, Монголын багийн тугийг пауэрлифтингийн “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий дөрвөн удаагийн аварга, “Парис-2022” гранпригийн алт, “Софи-2022” гранпригийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Х.Энхтуяа нар ёслол төгөлдөр заллаа.

Монголын тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар пара наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Инчён-2014” наадмаас хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Өнөөдөр таеквондо, жүдо бөхийн төрөлд тамирчид хүчээ үзнэ.
Монголын баг тамирчдаас паралимпад хамгийн олон оролцсон нь Э.Содномпилжээ (4 удаа) бол, хамгийн ахмад нь суугаа волейболын тамирчин Ч.Наранцэцэг (65 настай), хамгийн залуу нь усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун (16 настай) нар юм.
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/.