Найман мянга орчим мкв бүхий Урт цагааны барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж байгуулах, эсвэл шинээр худалдааны төв барих асуудлаар нийслэлийн иргэдээс ulaanbaatar.mn вэб сайтаар санал асуулга авч эхэллээ.
Тус сайтад санал асуулгыг хэрхэн өгөх зааварчилгаа бий. Төрийн цахим мэдээллийн ХУРДАН систем ашиглан санал авч байгаа тул хэн нэг сонирхогч этгээд санал асуулгын дүнг зохиомлоор өөрчлөх боломжгүй. Санал асуулгыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн турш авах юм.
“УИХ-ын чуулганаар нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна. Тус хуулийн төсөлд Улаанбаатар хотын нягтаршил ихтэй бүсэд өндөр барилга барихыг хязгаарлах бодлого барьсан. Ийм бодлого дэвшүүлсэн атлаа одоогоор Их тойруу буюу хотын төвийн нягтаршил ихтэй байршилд өндөр барилга барих 1500 зөвшөөрөл олгочихоод байна. Иймд нийслэл өөрийн өмчлөлтийн Урт цагааны барилгыг нурааж, өндөр барилга барих нь бодлоготой нийцэхгүй”-г Х.Нямбаатар тэмдэглэв.
Тэрбээр, “Урт цагааны түрээслэгчдийн олонх нь 2020 оноос хойш түрээсийн төлбөр өгөөгүй, шүүхэд маргаан үүсгээд байгаа. Энэ барилгад хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бодис ашиглаж байгааг цагдаагийн байгууллагад шалгуулах, мөн нийслэлийн ШШГБ-д түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтээ хүргүүлсэн. Өнгөрсөн 10 дугаар сарын 10-ны дотор байраа суллах мэдэгдэл өгсөн ч суллаагүй”-г хэлж байлаа.
Харин “Урт цагаан хөгжлийн холбоо” ТББ-ын төлөөлөл С.Цэндбаатар “Хотын даргын баримталж буй байр суурь нь Захиргааны хэргийн шүүхэд яригдаж буй асуудлыг авч үзэхгүйгээр шийдвэр гаргаж байна. Түрээслэгчид 2020 оноос хойш усгүй байгаа. Усны асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл нийслэлийн Өмчийн харилцааны газраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. УСУГ-аас ус өг гэсэн шийдвэр гарвал Урт цагааныг устай болгохыг шийдэж өгье гэсэн. Захиргааны хэргийн шүүхээс нийслэлийн Засаг даргын 2020 онд гаргасан тогтоолыг түдгэлзүүлсэн. Засаг даргын “Бизнесийн үйл ажиллагааг зогсоо” гэсэн шийдвэр нь хүний эрхийг зөрчиж байна. Хотын дарга шүүхийн шийдвэрт нөлөөлж, ийм үйл ажиллагаа явуулахгүй гэж найдаж байна. Урт цагааны барилгыг буулгах асуудлыг шүүхээр шийдсэний дараа иргэдээс санал авах нь зохимжтой. Мэргэжлийн хяналтын газраас Урт цагааны барилгыг хүчитгэж, засах нь зүйтэй гэснээс биш буулгах дүгнэлт гаргаагүй” хэмээв.
Улаанбаатар хотын түүхийн салшгүй нэг хэсэн болсон тус барилгын зургийг тухайн үеийн Барилгын зураг төслийн хүрээлэн 1959-1960 онд зурж, хятадын барилгачид 1960-1962 онд барьж өгснөөр худалдаа үйлчилгээний зоиулалтаар үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Одоогоор Урт цагааны барилгад 300-аад хүн үйл ажиллаж явуулдаг аж.