ЭХЛЭЛ ӨВ СОЁЛ МОНГОЛ, ГЕРМАНЫ ЭРДЭМТЭД ОРХОН ГОЛЫН САВД 20 ГАРУЙ ЖИЛ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

МОНГОЛ, ГЕРМАНЫ ЭРДЭМТЭД ОРХОН ГОЛЫН САВД 20 ГАРУЙ ЖИЛ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

by admin

-Монгол, Германы эрдэмтэд их түүхийн эрэлд-

Монгол болон Германы хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болон хөгжиж ирсэн салбар бол шинжлэх ухааны салбар билээ. Ялангуяа археологийн мэргэжлийн салбарт хоёр улс олон жилийн турш хамтарч, хайгуул судалгааны томоохон ажлуудыг хийсэн байдаг. Тэдгээрээс хамгийн өргөн далайцтай нь Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийн малтлага судалгааны ажил юм.

Анх 8-р зууны үед суурь нь тавигдаж, хожим Монголын Их Эзэн Хаан Чингис улсынхаа нийслэл болгон төвлөрүүлж байсан эртний хот Хархорумын судалгааны ажилд Германы эрдэмтэд асар их хувь нэмэр оруулсан бөгөөд өнөөдөр ч эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа үргэлжилж буй юм. Анх 1889 онд Өвөрхангай аймгийн нутаг дахь Эрдэнэзуу хийдийн орчим нэгэн том хотын үлдэцбуйг Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев илрүүлсэн байна. Харин 1890 онд В.В.Радлов Хархорумтай холбоотой хааны зарлиг бүхий чулуун хавтан зэргийг олжээ. Ингэж Хархорум хот байгаа газрыг тогтоон, Их Монгол улсын түүхийн үнэт баримт нотолгоо болсон “Хархорумын судалгаа”-ны ажлын суурь нь тавигдсан байдаг.

1948-1949 онд Монголын ууган археологич Х.Пэрлээ, Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран малтлага хийж монгол хаадын ордон өргөөний суурь, монгол хүмүүсийн булш бунхан, хөшөө дурсгал эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, олон улс оронтой худалдаа арилжаа хийдэг байсныг илтгэх зоосон мөнгө зэрэг маш их үнэт олдвор илрүүлсэн юм. Сүүлд 1995-1996 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Монгол–Японы эрдэмтэд хамтран Хархорум хотын оршин байсан дэвсгэр нутгийг тогтоожээ.

Харин 1999 оноос Монгол, Герман хоёр улсын ерөнхийлөгч нарын тохиролцсоны дагуу Монгол, Германы Шинжлэх Ухааны Академиудын археологийн хүрээлэн, Боннын Их сургуулийн Төв Азийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны анги Хархорум хотыг судлах шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүх олдворыг лабораторийн аргаар нарийвчлан судлах болсон юм.

Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншил хоёр мянга гаруй жилийн турш хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг Орхон голын хөндийд Монгол, Германы эрдэмтэд 20 гаруй жил хамтарсан судалгаа хийж байна. Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа 1998 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэр эхэлсэн түүхтэй. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, ХБНГУ-ын Роман Херцог нарын ивээл дор эхэлж байсан Монгол, Германы хамтарсан “Хархорум экспедиц”-ийн хамтын ажиллагаа хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор үргэлжлэн хэрэгжиж байгаа юм.

Германы Археологийн хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн анхны хамтарсан археологийн малтлага 2000 оноос эхэлсэн бөгөөд ХБНГУ-ын Боннын их сургууль, МУИС болон бусад байгууллага судалгааны ажилд хүч нэмэн орсноор энэ ажил илүү эрчимжсэн байна. Хоёр орны эрдэмтэд 20 гаруй жилийн турш хамтарч хийсэн малтлага судалгааны үр дүнд монголчууд өвөг дээдсийнхээ соёл, түүхийн талаарх маш олон гайхалтай мэдээллийг танин мэдэх бодит боломж бий болсон юм. Хархорум хотыг үүсгэн байгуулсан түүх, Их Монгол улсын хөгжил цэцэглэлтийн үе, доройтож мөхсөн шалтгаан зэрэг олон талын мэдээллийг археологийн олдвор, ховор нээлтүүдэд тулгуурлан мэдэж авч буй.

Тухайлбал, 2000-2009 онд Германы Археологийн хүрээлэнгийн хийсэн малтлагын үр дүнд Юань Гүрний Мандан Бадралын сүмийн байршлыг тогтоосон. Мөн энэ сүм нь Монголын эзэнт гүрний төрийн төв бунхан байсан хийгээд Мөнх Хааны үед баригдан 100 гаруй жил ашиглагдсаныг баримтжуулсан. Харин Бонн хотын их сургуулийн эрдэмтэд 2000-2005 эртний Хархорум хотын туурийн төв хэсэгт малтлага хийснээр эртний монголчуудын гар урлал, худалдаа наймаа эрхэлдэг байсныг гэрчлэх олдвор, суурин хотын амьдралын төрөл бүрийн ул мөрийг илрүүлж чадсан юм. 2006-2009 онд Германы Археологийн Хүрээлэнгийн эрдэмтэд эртний Хархорум хотын захад байрлах Христийн шашны сүмийг нээн илрүүлснээр Монголын эзэнт гүрний үед шашин шүтлэгийн эрх чөлөөт байдлыг эрхэмлэдэг, шашны олон төрлийг хүлээн зөвшөөрдөг байсныг гэрчилсэн билээ.

Археологийн энэ томоохон судалгааны үр дүн олон нийтэд нээлттэй болсноор, цаашид энэ чиглэлээр хийх эрдэм шинжилгээний ажилд үнэтэй судлагдахуун болж, шинжлэх ухааны эргэлтэд орж байна хэмээн монгол эрдэмтэд талархалтай ханддаг. Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорумыг өргөн бүрэлдэхүүнээр судалж, Монголын түүхтэй холбоотой олон нууцыг нээхэд Германы эрдэмтэд онцгой үүрэг гүйцэтгэж буй юм. Мөнхүү Монголын аялал жуулчлалын салбарт ч Германы эрдэмтдийн туслалцаатай хийж гүйцэтгэсэн, одоо үргэлжилж буй археологийн ажил үнэтэй хувь нэмэр болох юм. Хархорумын судалгааны ажлыг Германы Эрдмийн солилцооны алба, Хойд Райн-Вестфалийн дунд сургууль, ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны Яам, Германы Судалгааны сан, Герда Хенкелийн сан болон ХБНГУ-ын Гадаад хэргийн яам зэрэг олон байгууллага олон жилийн туршид дэмжиж, санхүүжүүлж иржээ.  

Мөн түүнчлэн Германы талаас Монголын соёлын өв дурсгалыг хадгалан хамгаалахад чиглэсэн олон төслийг манайд хэрэгжүүлсэн байдаг. Жишээ нь, “Цогт их асар” сүмийн туурийг сэргээж, ил музейн бүтээн байгуулалтыг хийснээр археологийн үлдцийг хамгаалах, олон нийтэд таниулан сурталчлах томоохон төсөл болсон. Мөн 2007 оноос хойш Уйгурын хуучин нийслэл Харбалгас буюу Хархорин хотоос баруун хойш 45 км-т орших газарт судалгааны ажил хийж байгаа бөгөөд хотын хайгуулын ажил сайн үр дүнтэй байгаа. Одоо ч Монгол, Германы эрдэмтэд эрдэм шинжилгээ, судалгааны олон ажилд хамтарч байна. Өөрөөр хэлбэл, Германы эрдэмтэд зөвхөн Хархорум хотыг судлах ажилд хамтраад зогссонгүй Орхоны хөндийн сав газрын түүхэн дурсгалт газруудыг нээн илрүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж ирсэн юм.

Орхоны хөндий бол олон зууны туршид монголчуудын өвөг дээдэс, нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв нь байсан газар. 2004 онд ЮНЕСКО энэ газрыг Дэлхийн өвд бүртгэсэн. Монголчуудын их түүхийг хадгалсан, ихэд эрхэмлэн нандигнадаг энэ газарт хоёр улсын эрдэмтэд хамтарсан судалгааны ажил эхлүүлсэн нь улс хоорондын итгэлцэл өндөр түвшинд байдгийг илтгэх нэгээхэн жишээ юм.

Эх сурвалж: Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/   

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00