Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод Монголд оршин суудаг, өвөрлөгчдийн гаралтай ястан нь Үзэмчин угсаатан. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган суманд зүүн Үзэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд баруун Үзэмчид нутагладаг. Бусад угсаатны нэгэн адил мал аж ахуй эрхлэн тал нутгийн нүүдлийг чимэн байдаг.
Дуу хуур, амьдралын онцлог шинжээрээ адил төстэй ч Үзэмчний цайны ёсон бусад угсаатны бүлгүүдээс ялгарах онцлогтой. Үзэмчид цайны ёсоо “жилийн цай уулгах ёсон” хэмээн дээдэлж, ёс уламжлалаа өдий хүртэл нандигнан хадгалсаар байна.Үзэмчин түмний жилийн цай уух ёслолын гол идээ нь царцаамаг будаа юм. Энэ нь гурил шиг болтол нь тээрэмдсэн шар будааг шар тос, гурил, элсэн чихэр, үзэмтэй хольж багсран хэвэнд оруулсан нэгэн төрлийн өвөрмөц амттан ажээ.
Уг царцаамаг будаагаа ааруул, ээзгий, цагаан тос, боорцогны хамт цайнд хийж уудаг. Энэ уламжлал идээ будаагаа хойч үедээ таниулах, хийж сургах, зочид гийчид, ахмад настнаа хүндлэн дайлах ёсонд сургахад ихээхэн ач холбогдолтой. “Аяганы алгаас адууны алаг нь сайхан” гэх сургаал үг бий. Үзэмчний “жилийн цай уулгах” энэ ёс нь айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэгийг санаж бие биенээ хүндэтгэх, бага балчиртаа ухаан суулгаж хүмүүжүүлэх, уламжлалт тоглоом наадгайгаа сэргээх, дуу хуур, ерөөл магтаал сурах, үлгэр оньсого таалцаж оюуны бяд суух
гээд гүн гүнзгий утга санааг агуулдаг.
“Хуучин нийгмийн үед нэг хошууны “жилийн цай уулгах ёс” байтугай нийт монголчуудын “сар шинийн баяр”-ыг нийтээр тэмдэглэх хориотой байлаа. Шинэ цагийн өнгөөр сар шинийн баяр сэргэхтэй зэрэгцэн Үзэмчний “жилийн цай уулгах ёсон” сэргэж айл бүр жилийн цээрээ гаргадаг эрхтэй болсон юм.
Өнөөдөр Үзэмчин хошууны сум, багийн төр захиргааны байгууллага өөрсдөө санаачлан “Ёс заншил, өв уламжлалаа хойч үедээ өвлүүлцгээе” хэмээн уриалж Үзэмчин түмний “Жилийн цай уулгах зан үйл”-ийн үйл ажиллагааг нийтийн дунд явуулж, тухайн цайны ёс заншлыг хүүхэд залуучуудад таниулдаг болжээ.
Ташрамд сонирхуулахад, Үзэмчин гэдэг нэрийн гарлыг “үзэмтэй” газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу “үзмэрч төлөгч” байснаас ийм нэр олсон гэх ба “үзүүртэй хурц шулуун” гэсэн утгатай үгнээс үүсэлтэй хэмээн эртэмтэд янз бүрээр тайлбарладаг. Харин сурвалж бичгийн мэдээгээр Юань улсын Тайзу хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон Дуралын үед түүний эзэмшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун зүүн хоёр гар болгон хувааж, ХҮI-ХҮII зууны заагт халхын Сэцэн хаанд захируулжээ.Дараа нь Өвөрмонголд харьяалагдан байсаар Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ. Ингээд үзэмчин хошууг сумын зохион байгуулалтад оруулахад баруун гар нь “Их” үзэмчин, зүүн гар нь “Бага” үзэмчин хошуу гэгджээ. Үзэмчин нь Өвөрмонголын Шилийн голын чуулганд харьяалагдаж байгаад 1945 оны өвөл нэг хэсэг нь БНМАУ-д шилжин ирж нутагласан байна.Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирсэн бөгөөд баруун Үзэмчнээс цөөхөн айл иржээ. Баруун Үзэмчнээс ирэгсэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суурьшжээ. Үзэмчин түмэн монгол үндэсний хувцас чимэглэлийг гол болгон хэрэглэдэг боловч хийц маяг, хэлбэр загвар, урлах арга барилын хувьд халх, буриад, харчин, хорчин бусад угсаатнаасаа ялгаатай зүйл олон бий. Эрэгтэй, эмэгтэй, лам, хар, хөгшид, хүүхэд бүхэн нас биеийн онцлог, цаг улирлын байдалдаа зохицуулан хувцас, зүүсгэлээ оёж, урлаж бүтээдгээрээ нийтлэг юм.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЕ АГЕНТЛАГ Д.ДЭЛГЭРМАА