XVII зууны үед хамаарах Боржигон хуур нь 2004 онд Монгол улсаас гарсан бөгөөд 2007 онд Голланд улсын Амстердам хотын Palm Guitars дэлгүүр худалдаж авчээ. 2014 онд тус дэлгүүрт гал түймэр гарсны улмаас хуурын тэвх нь гээгдэж, толгойны чих, хүзүүнд зүүсэн хадаг нь шатжээ. 2021 онд Голланд улсын Амстердам хотод дуудлага худалдаанд зарагдахаар товлогдсон байсан хэдий ч Монголын соёлын өвийг эрхэмлэгч Rowan Hartsuiker худалдан авч өөрийн багш Д.Ганпүрэвт бэлэглэснээр “хил давсан хүрэн халзан хуур” эх орондоо ирсэн юм.








Хуурыг шинжвээс цуурайн хайрцагны хэмжээ жижиг, ширэлсэн зузаан арьсан нүүртэй, царны арын нүүрийг нь сольсон байх магадлалтай. Хүзүү урттай, толгойны хийц уран, чавхдас чангалагч чих нь өвөрмөц, хялгасыг толгойн гадна ороож чангалдаг. Хар хялгас нь бүдүүн ширхэгтэй, хүзүүний уртаас хамаараад дээд доод үзүүрт сур холбож уртасгасан. Шидийг нь шинжвээс анхдагч эзнийхээ нандин шар хадгийг хоёр зуун дамнан тээсэн. Хамгаалалтын улаан эрчист утас нь өнгөө алдаж өгөршсөн. Өнгө нь бууралдаж цайрсан, чанар нь суларч самбайрсан, Голландад зарагдаж байсан хөгжмийн дэлгүүр шатахад олон зэмсгийн дотроос орь ганцаар үлдэхдээ толгой тэргүүн нь дөлд түлэгдэж, самбай хадаг нь доороосоо шатсан байдалтай, хос чавхдасын нарийн чавхдас нь тасарч алга болсон, бусдаар бүрэн бүтэн сүрлэг сайхан. 18 зуунаас өмнөх үеийн хуучны энэ мэт хөгжмийн зэмсэгүүд өнөө цаг үед уламжлагдан үлдсэн нь нэн ховор тул хил дамнуулан хуучны зэмсгүүдийг аль болох зарахгүй байвал нэн сайн хэмээн Д.Ганпүрэв хэлсэн юм.
