Хөвсгөл аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлөөр дамжуулан архинд донтох эмгэг, түүнээс үүдэлтэй гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 2022 онд “Сүүн тахилт” төрийн бус байгууллагатай хамтран архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг 22 сум, 1 тосгоны иргэд, төрийн албан хаагч нарт зохион байгуулжээ.
Архины хамааралтай зорилтот бүлгийн 144 хүнд тусгайлан сургалт, мэдээлэл, ганцаарчилсан зөвлөгөөг тогтмол өгч, хамтран ажилласны үр дүнд өнгөрсөн онд 57 иргэн архинаас бүрмөсөн татгалзсан байна. Мөн архинаас татгалзсан иргэдийг сургалтад хамруулж ажилд оруулан, өрхийн орлоготой болгож нийгэмшүүлэх тал дээр анхааран ажиллаж байна гэдгийг “Сүүн тахилт” ТББ-ын тэргүүн Г.Дамдинсүрэн хэлэв.
Тус төрийн бус байгууллага нь 2012 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд давхардсан тоогоор зуу гаруй мянган төрийн албан хаагч, иргэдэд мэдээлэл, сургалт, зөвлөгөө өгснөөс 400 гаруй иргэн архинаас бүрмөсөн татгалзсан байна.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Мөнгөнхуяг “Архинд донтох эмгэгт өртөхөд зөвхөн тухайн хүний ухамсраас гадна нийгэм, эдийн засгийн маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Архинаас татгалзсанаар та болон таны гэр бүл, эрүүл, аюулгүй,тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа гэдэгт итгэлтэй байна гэлээ. Архинаас гарсан иргэдийг сумдын ИТХ-ын ГХУСАЗСЗ-өөр дамжуулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын байнгын болон түр ажлын байраар хангах боломжийг судлах саналыг хүргүүлэн ажиллахаа хэлж байлаа.
ЭХ СУРВАЛЖ: Мөрөн /МОНЦАМЭ/