“Барааг дотоод, гадаадад түр хугацаагаар боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтай ЖДҮ-ийн экспортыг дэмжих” төслийн анхны уулзалт боллоо.
Дээрх хөтөлбөрт төслийг БНСУ-ын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн холбоо (ИААН), БНСУ-ын Мөрөөдлийн гаалийн алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн БНХАУ дахь салбар, Их түмэн санаачилгын Нарийн бичгийн даргын газар болон Монголын гаалийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.
Уулзалтаар гишүүн орны гаалийн байгууллагууд “Барааг дотоод, гадаадад боловсруулах горим”-ыг хэрэгжүүлж буй туршлагаа солилцон, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Мөн БНСУ-ын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн холбоо, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын төлөөлөл хоёр орны гаалийн байгууллагын хооронд байгуулсан “ИААН-ийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах талаар хэлэлцлээ. Хөтөлбөрийн үр нөлөөг сайжруулах замаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Ташрамд мэдээлэхэд, Зүүн хойд Азийн болон Түмэн голын их сав газрын бүс нутгийн, ялангуяа ХАА, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, тээврийн салбарын интеграц, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс анх 1991 онд Их түмэн санаачилга (ИТС) нэгдлийг санаачилсан юм.
Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Их түмэн санаачилга (ИТС) нэгдэл нь одоогийн байдлаар БНХАУ, БНСУ, Монгол Улс, ОХУ гэсэн дөрвөн гишүүн оронтой.
эх сурвалж: Монцамэ агентлаг