ЭХЛЭЛ ӨВ СОЁЛ О.ЦАГААНЗАМ: “ЖАНГАР”-ЫГ СОНСОХ ЗАЯАТАЙ ХҮМҮҮСИЙН ДОТОР Л “ЖАНГАР” ОРШИНО

О.ЦАГААНЗАМ: “ЖАНГАР”-ЫГ СОНСОХ ЗАЯАТАЙ ХҮМҮҮСИЙН ДОТОР Л “ЖАНГАР” ОРШИНО

by admin

 Монгол туургатнуудын бахархан хайрладаг, Халимагийн алдарт дуучин, Жангарч О.Цагаанзамтай ярилцлаа. Тэрбээр өөрийн тухай энгийн даруу өгүүлэх атлаа, “Тууль бол үнэхээр идтэй шидтэй, агуу сонин соёл” хэмээн “Жангар”-ын тухай ярихаараа нүд нь цогтойгоор очтон гэрэлтэх юм билээ. Өдгөө тайзны урлагийн хэмжээтэй болж хумигдаад буй энэхүү гайхамшигтай соёл маань маш эрт үеэс өдгөөд ирсэн “ид шид” нь чухам юу болох, уран сайхан сэтгэлгээний урлаг төдийхөн бус зан үйлийн ч асар их учир холбогдолтойг тэрбээр өгүүлж байв. Уншигч та ч түүний ярианаас “Жангар”-ын бас нэгэн нууцыг таних юм билээ үү, хэн мэдлээ. 

-Энэ удаа Монголд хэр удаан морилон саатах вэ?

– Сайн мэдэхгүй, хүмүүстэй уулзаж байгаад шийднэ дээ. Ковидоос болоод найзуудтайгаа уулзаж чадсангүй. Гэхдээ ноднин ирж сар болоод явсан.

– Нэг ирэхээрээ айвуу тайвуу морилдог юм байна. Хөдөө гадаа явдаг уу?

– Хөдөө явна аа. Найртай газар найм хоноод л /инээв/. Ноднин Архангай явсан. Ер нь, 6500 км-ийг гатална гэдэг амар биш, гурван онгоц сольж ирлээ. Гэхдээ Монголдоо ирэхэд би үргэлж баяртай байдаг.

– Монголын аль салбарынхантай та илүү дотно нөхөрлөдөг вэ, мэдээж урлагийнхан уу?

– Монголд зөндөөн найз байна. Ер нь үндэсний үзэлтэй, бодолтой бол тэд миний найз нар. Өөрийн соёлоо магтдаг, үнэлж хүндэтгэдэг хүмүүстэй тааралдахдаа, танилдахдаа би дуртай. Өөрсдийн юмаа голж, хүний юмыг хүндлээд байдаг хүмүүсээс жаахан заагтай байдаг. 

Энэ удаагийн тань хэрэг зоригийг сонирхож болох уу?

– Монголын түүх, тууж судална. Бас нэг юм сонирхож байна. Үүлийн хан гэдэг ууланд манай нэг халимаг цэрэг шоронгоос оргоод дөрвөн жил амьдарсан байгаа юм. Түүнийг барих гэж 500 орос цэрэг уулыг бүслээд барьж чадаагүй. Тэр бол жирийн хүн биш, баатар хүн шүү. Сталинградын тулалдаанд Зөвлөлтийн баатар цол авсан байгаа юм. Тэгээд Германд олзлогдоод чөлөөлөгджээ. Германы шоронд суусан гээд бүх цолыг нь хурааж, А.А.Власовын цэрэгтэй хамт 1948 онд Цэнхэрмандалын уурхайд авчирсан юм билээ.  

Тэндээс 1950 оны орчим долуул оргосон ч бусад нь баригдаж, ганцаараа Үүлийн хан ууланд 1954 он хүртэл нуугджээ. 

-Цэргийн эрдэмд гарамгай “власовчууд”-аас оргосон цэргүүдийг нутгийн ард шилийн сайн эрс гэдэг байсан тухай түүхийг одоо ил тод бичих болсон байна л даа. Тэдний нэг байх нь …?

Тийм ээ, нутгийн ард түүнийг нуудаг, шилийн сайн эр гэдэг байсан гэнэ. Хамаатан садан нь Германд амь үрэгдэж л гэж бодоод байж. Гэтэл тэр Монголд ирээд, байнгын ээрэгдэж зугтаж нуугдах хоорондоо 48 орос цэргийг буудсан байгаа юм. Энэ удаад Үүлийн хан уулын зургийг ч болтугай дараад авахыг бодож байгаа. 

-Таны нэр их содон. Халимаг түмний маань өр өвтгөм түүхтэй ямар нэг сэжмээр холбогддог байх гэж бодогддог байлаа…

-Халимагууд Сибир рүү туугдаж цөлөгдөөд, 13-14 жил их зовлон үзсэн. Тэгээд Хрушев зөвшөөрснөөр нутаг руугаа буцаж явах их замд би төрсөн гэдэг.

Эмэг эх маань нутгаа тэмцээд явж байхад төрлөө, сайн ёр гээд Цагаанзам гэж нэр хайрласан юм билээ. Төрөхдөө би гадуураа нэг арьстай төрсөн гэж ярьдаг юм.

-Битүү хальстай төрсөн гэсэн үг үү?

-Тийм юм дуулаагүй юу /инээв/. Тийм нэг онцлог юм байдаг. Тэгж төрөх их ховор болохоор гадуур хувцастай төрсөн гэж ярьдаг юм билээ. Тэгээд намайг цамцтай төрсөн Цагаанзам гэдэг юм.

-Их сонин юм. Мексикчүүдийг транст оруулж байгаа бичлэг тань бас шуугиулсан. Та яагаад Монголд тоглодоггүй юм бэ, урилга заллага өгөхгүй байна уу?

– Гэр дотроо тоглоод яах вэ /инээв/. Манай Монголд зөндөөн гоё дуучид байна. Монголын нэрээ, Халимагийн нэрээ гадуур яваад гаргах хүсэлтэй. Тэгээд монгол туургатандаа тоглосноос гадаадад тоглоё гээд явдаг байв. Гэхдээ та нартай яриад суусан чинь халимагуудаа авчраад, Монголд сайхан тоглолт бүтээх санаа төрлөө.

– “Жангар” туулийн яг юу нь гадныхныг тэгж татдаг гэж та боддог вэ.  Хэлийг нь мэдэхгүй болохоор тэдэнд аялгуу хэмнэл, эгшиглэн дуулах нь гайхамшигтай сонсогддог юм болов уу?

-Саяхан нэг туркмен залуу над дээр ирээд, “Жангар”-ыг хайлж сурмаар байна гэлээ. Та нар өөрсдийн туультай ард түмэн шүү гэхэд минь таны хайлсан “Жангар” тууль татаад байна гэсэн.

“Жангар” бол бүх дэлхийд зориулсан тууль юм шүү. Хэрэв энэ дэлхий дээр шашин байхгүй бол манай “Жангар” л үлдэх байсан болов уу. “Жангар” туульд хар буруу байхгүй, танай манай байхгүй, ариун цагаан сэтгэлтэй байхыг номлодог.

Нэг фестиваль дээр би “Жангар”-аа хайлав. Нэг, настай индиан эмэгтэй над руу хүн явуулж, ярилцъя гэж урив. Очоод уулзтал, таны дууг сонсоод нүдэнд минь янз янзын юм үзэгдлээ гэж ярьж байсан. Индианчууд хөх толботой, монгол гаралтай хүмүүс гэж ярьдаг шүү дээ.

-Өвчин зовлон нүүрлэсэн айлд “Хан харангуй” мэтийн хатуу туульсыг хайлахдаа гэрийн өрхийг бүтээж, үүдийг хааж тас харанхуйд хайлж байсан ёс заншил байдаг юм билээ. Тэгэхээр тууль хайлна гэдэг бол зөвхөн зугаа цэнгээний урлаг төдийхөн зүйл байсангүй. Та харин анх хэрхэн тууль хайлж сурав?

-Би атомын цахилгаан станцын инженер мэргэжилтэй. Москвад барилгын сургууль төгссөн. Тэгээд цаг нь ирсэн үү, яасан нэг зүүд зүүдлээд байх болсон. Зүүдэндээ “Жангар” тууль хайлаад л, цагаан аавтай уулзаад байв.

-Та тэр үед тууль хайлдаг байсан хэрэг үү?

-Манай Баатад овог туульч удамтай. Ээж маань сайхан дуулдаг хүн байсан. Би барилгын инженер хүн байтал тэнгэрт тулсан өндөр өндөр байшинтай газар яваад л, тайзан дээр тоглож байгаагаар зүүдлээд байв. Зүүдэндээ, “Цал буурал сахалтай цагаан өвгөн намайг таниад, “9-р ангид сурч байхад чинь би анх чамайг харан” гээд надад нэг юм өгсөн. Тэгээд л мэргэжлээ сольж энэ амьдралын зам руу орсон доо. Гучин хэдэн жил дэлхийг тойроод, “Жангар”-аа хайлаад жавар үргээгээд л явж байна.

“Арван цагаан хуруундаа

Алтан шар цоохор тугаа атгаад

Амьтай дэлхий цугаар минийх гэж хайрлаж суудаг

Алдар богд Жангар…”

гээд л хархираад, хөөмийлөөд л, Мексик, Америк, Францын тайзан дээр нартай дэлхий дээр ийм нэг үндэстний “Жангар” хэмээх тууль гэж зарлаад л явна гэдэг их  хувь заяа гэж боддог.

-Тууль гэдэг том соёлоосоо бид холдсон болохоор их сонин санагддаг л даа. “Жангар” туульд өгүүлсэн олон зүйл шинжлэх ухаанаар батлагдсан талаар ярьдаг болж байна. Туулийн талаар та бол гайхамшигтай сайхан юмс ярина даа?  

– Эрт цагийн эхэнд гэж “Жангар”-т гардаг шүү дээ. Тууль гэдэг бол идтэй шидтэй, их сонин. Дээрээс тэнгэрээс онгодоор бууж ирсэн агуу их соёл. Энэ дэлхийг яаж удирдах вэ, яаж энэ нийгмийг зохицуулах вэ, яаж тэгш амьдруулах вэ гэдэг нь тууль дотор бий.

Баруун монголд 40 гаруй нэртэй тууль байсан байна. Германчуудад классик хөгжмийг Моцарт, Бетховен нар нь өгсөн байна. Харин манай дээдэс бидэнд тууль хайрлажээ. Чингис хаан туулиас мэдээ авч дэлхийг удирдсан гэж би боддог.

-Та хамгийн урт ямар туулийг хайлдаг вэ?

-Жангар бол урт тууль шүү. Би бол хайлж өгье гэдэггүй, “Жангар”-ыг хүн хэрэглэе, сонсъё гэвэл хайлна. Одоо харамсалтай нь хэрэглэдэг хүмүүс цөөрч байна. Одоо болохоор “Жангар”-ыг таван минут, долоон минутаас илүү хайлж болохгүй гээд тайзны соёлын хэмжээнд л байна.

-Та олон оронд тоглож байсан. Гэхдээ Монголд ирэх хамгийн сайхан гэж хэлсэн удаатай. Тэгвэл Монголын хаана очих хамгийн дуртай вэ?

-Хэнтий, Хархорин, Архангай, баруун монгол гээд түүхт газруудаар явах дуртай. Бас Бурханхалдун гэдэг их учиртай газар шүү. Миний бодлоор энэ дэлхийн газрын хүйс нь Бурханхалдун. Хүннү, Сянби, Киданчууд энэ хавиас гаралтай шүү.   

Би дөрвөн удаа очсон. Анх 2001 онд очиж байв. Тэгэхэд аль нь Бурханхалдун болохыг мэдэхгүй, буцах гэж байтал, мотоциклтой монгол хүү таараад замчилж хүргэсэн. Тэр хүүг Одонгэрэл гэдэг. Юм бүхэн учиртай шүү. Бурханхалдун хүрэх замд Одонгэрэл, Цагаанзам хоёр таарсан хэрэг. Тэгээд дээшээ гарч явтал баавгайтай таарав. Одонгэрэл “Ах аа, баавгай байна буцъя” гэлээ. Тийм холоос ирээд яаж буцах вэ, алхъя алхъя гээд л явсан.

– Хоёр иргэншилтэй, Монгол Улсын иргэн болох хүсэлт тань одоо хэвээр байдаг уу?

-Хэвээрээ байгаа. Гадагшаа гарсан монголчуудад хоёр иргэншил олгох боломжийг бий болговол энэ Монгол чинь гар хөлөө сунгасан шиг болно. Монгол улс тусгаар учир тийм боломж байна шүү. Гадагшаа гараад 400-500 жил амьдарч байх монголчууд дотор үндэсний бодлоо хадгалсан, монголдоо хайртай, зөв санаа сэтгэлтэй, тусархаг хүмүүсийг шалгаад, тэдэнд хоёр иргэншил зөвшөөрвөл тэдний амьдран буй улс оронтой ч холбоо харилцаа илүү зузаарна гэж би боддог.  

Дээр үед байлдаад хамгийн сайн хүмүүсийг нь булааж авдаг байсан. Одоо бол дайнгүйгээр, тэднийг эвээр авч болно шүү. 

-Хоёр иргэншилтэй байхыг Халимагт зөвшөөрөх үү?

-Орост хоёр иргэншилтэй байхыг зөвшөөрдөг.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би гурван хүүхэдтэй.

-Нэг хүүхэддээ ч болов тууль хайлах эрдмээ өвлүүлье гэж боддог уу?

-Тийм бодол бий. Тэгээд үлгэр тууж их ярьж өгдөг. Гэхдээ хамаагүй хүн тууль хайлж болохгүй, бас л дээрээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Болохгүй хүн хайлбал өвдөнө, нас нь богино болно. Одоо бөө олон болсон байна. Бөөг дээр үед жаахан хүүхдээс нь, заль мэх байхгүй үед нь шалгадаг байсан байна. Хамгийн гол нь тэнгэр нүдтэй гэдгийг мартаж болохгүй.

-Та олон шавьтай юу?

– Би бол шавь хураая гэдэггүй. Хүн болгон хувь заяатай. Одоо цагт энэ их мэдээлэл дотор “Жангар”-аа сонгоно гэдэг нь л өөрөө хувь заяа юм. Бид бол тэнгэрээс боломж хайрласан, түүнийг нь хүртсэн тийм ард түмэн шүү.

-Одоо та ямар ажил хийж байна вэ?

-Би одоо 66-тай, тэтгэвэрт гарсан. Халимагийн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг.

-Халимагт урлаг соёлоо хэр дэмждэг юм?

– Төрийн газраас соёлыг тэтгэдэг боломж хомс байна л даа. Дуунд дуртай болохоор монголчууд хараа сайн, чих сонор ард түмэн. Уртын дуу, ардын урлагаа тээж яваа хүмүүсээ дэмжих ёстой юм. Дууч хүмүүс бол хувь заяагаараа эрдэм билэг, өв соёлыг үүрч явдаг.

Дээр үед, манайд Тумтуудуу гэж ноён байжээ. Тэр ноён нэг наадам дээр найр хийхэд Цагаан нуур гэдэг газраас нэртэй уртын дууч ирж дуулж л дээ. Бүх хүн баярлаад л, эрэгтэй хүний цээжин дотор эмээлтэй хазаартай морь нь багтдаг гэгчээр тэр ноён юугаар шагнахаа мэдэхгүй, “За, би тэнгэрт даалгаж байна, та буцаад харь, замаар юу таарна, хүссэн бүгдээ туугаад яв” гэжээ. Дуучин замдаа тааралдсан морь мал, үхэр хонийг туугаад харьжээ. Тэгээд малаа алдсан хүмүүс ноёнд ирээд надаас ийм тийм юм авлаа гэхэд, ноён нь төлөөд өгчихдөг байж л дээ. Дээр үед урлагийг тэгж дэмждэг байсан байна.

-Халимагууд туулиа, энэ соёлоо аль хэр авч үлдсэн байдаг вэ?

– Өвөр монголоос салж, Кавказийн хавьд 400 хэдэн жил амьдарсан ч үндэстнийхээ соёлыг марталгүй явж байна. Туулиа хайлаад, туулиа соносоод явбал бид хэзээ ч доройтохгүй гэж би боддог.

Манай Халимагт “Жангар” туулиараа бахархдаг, “Жангар”-т зориулсан хурал ном хийдэг. Хурим найр дээр “Жангар”-аа хайлуулья, сонсъё гээд урьдаг. Ард түмэн дотор тууль хайлдаг Цагаанзам гээд л танигдаад явж байна.

-Халимагт “Жангар”-ыг хайлдаг хүн олон уу?

-Байх нь байна, гэхдээ цөөхөн. Харин Шинжааны дунд сургуульд тууль зааж байна. Ховогсайраар их дэлгэрч байгаа юм билээ.

-Туулийг хамаагүй хүн хайлж болохгүй гэж та дээр хэлсэн биш үү?

-Тэр бол зөвхөн хүүхдэд зааж сургаад эхний замд оруулж байгаа гэсэн үг. Тэдний дундаас жинхэнэ туульч болдог нь ганц хоёр л гарч ирнэ.

Ер нь бол, “Жангар” туулийг булаалдаад хэрэггүй юм л даа. “Жангар”-ыг ойлгодог, утга учрыг таньдаг тэр газартаа, тэр байрандаа л байна. “Жангар” туулийг таних өөрийн хэлтэй хүмүүс, “Жангар”-ыг сонсох заяатай хүмүүсийн дотор л “Жангар” оршино. Өөр газар бол, “Жангар” манайх гээд ч тэнд “Жангар” дэлгэрэхгүй.

– Танд Монгол Улс төрийн дээд “Алтангадас” одонгоо хүртээсэн байдаг. Халимагтаа ямар цолоор шагнуулсан байдаг вэ?

-Би Халимаг ардын туульч шагналдаа дуртай. Бас “Алтангадас” одонгоороо бахархдаг. Дэлхийд “Алтангадас” гэдэг өөр шагнал байхгүй. Тэнгэр огторгуйн одод дундаас “Алтангадас” од байраа сольдоггүй, тэр утгаараа сайхан шагнал. Монголчууд тэнгэр, сансар огторгуйг дээдэлдэг болохоор их утгатай учиртай шагнал санагддаг. ОХУ-ын Ариун цагаан сэтгэл /“Душа России”/ гэсэн шагналтай. Хамгийн чухал юмыг үүрч, хадгалж яваа хүмүүс гэсэн утгатай шагнал гэх юм уу даа.

-Халимаг нэрийн тухай, янз янзаар тайлбарладаг. Харин халимагчууд маань ямар утгатай гэж үздэг вэ?

-“Халиад гарсан”, “үлдэгдэл” гэх утгатай үгээс гаралтай гэсэн тайлбар байдаг л даа. Манай Чийбулаг их гоё тайлбарлаж байна шүү. Тэр олон жил судлаад, “Шар тосыг буцалгаад байхаар багассаар хайлмаг үлддэг. Манжийн дайнд баруун монголчууд үхэн үхтлээ байлдсан шүү. Халимаг Манжид ерөөс бууж өгөлгүй байлдаад байсан. Дараа нь дарагдаад, бүх эрчүүдийг нь хядаад сая чих хэлхээд Бээжинд аваачиж тооцоо хийсэн. Яг тэр алдад “халимаг” гэсэн нэр гарсан” гэж тайлбарлаж байна билээ. 

Эх сурвалж: Монцаме агентлаг / https://montsame.mn/mn/read/326734 /

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00