УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн байна. Түүний оронд олонхын бүлэг Д.Цогтбаатар гишүүнийг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр нэр дэвшигч Д.Цогтбаатараас асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгох санал хураалтыг явуулж, 73,3 хувийн саналаар дэмжигдлээ.
Товч намтар. 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. 1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж байна.
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/.