Сэлбэ, дунд голын доторх бургасыг есөн тэрбум төгрөг зарцуулан нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн байгууллагын судалгааны хүрээнд хийх ажил бөгөөд бургас болон бусад ургамал, бут сөөгийг Туул гол дагуу шилжүүлэх юм байна. Энэ талаар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “Бид энэ бургасыг шинжлэх ухааны үндэстэй зөөнө. Байгаль орчны дүгнэлт нь гарсан байгаа. Энэ дүгнэлтийн дагуу зөөнө. Энэ байгууламж маань өөрөө шууд урсацаараа гаргаж, туул голд нийлүүлэх үүрэгтэй. Тэрнээс цөөрөм, усан сан бол биш. Иймээс Сэлбэ голын далан, шугам сүлжээнд байгаа бут сөөгийг гурван байршилд зөөнө. Ингэж үерийн хамгаалалтын далан доторх бургас, бусад мод бутыг зөөснөөр үерийн даланг 1-1.5 метр гүн болгож, ус урсан өнгөрөх багтаамж хоёр дахин нэмэгдэх юм байна. Хэрэв энэ ажлыг хийхгүй бол нарны зам дагуух томоохон хотхон хороолол, барилга орон сууц үерт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн тооцоо судалгаа гарсан” гэлээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг