Энэ бол таны эрх чөлөө
Зарим нэг хүмүүс солонгос киноны дүрүүдийн үс засалт, хувцаслалт, ааш аяг, үг хэллэгийг нь дууриадаг болсныг уншигч та сайн мэдэх биз. Хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авч байна. Нэг хэсэг нь шүүмжилж, өөр нэг хэсэг нь байж болох л юм гэсэн үүднээс ханддаг. Гэхдээ энэ миний дурдах гэсэн санаа огт биш. Жирийн л нэг дурсаад өнгөрөх хүн бүрийн хамгийн сайн мэддэг жишээ.
Хурууны хээ давтагдаггүй шиг хүний амьдралд ч гэсэн адил зүйл гэж үгүй…
Өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулан сэтгэлээр унах үе бидэнд олон байдаг. Наад захын жишээ дурдахад: Өмсөж зүүсэн эдлэл, нүүр амны хэлбэр, галбир, хэрэглэж байгаа машин техник гээд л … дурсвал дуусашгүй. Мөн “энэ хүн шиг болох юмсан” гэдэг цагаахан атаархал олон хүний оюун бодлоор дүүрэн байдаг гэдэгтэй хэн ч санал нийлнэ биз. Мэдлэгтэй, баян, сайхан нөхөртэй, сайхан эхнэртэй, сайхан гэр бүлтэй, сайхан ажилтай, сайхан унаатай гэдгээс эхлээд өмсөж зүүсэн бүхнийг ширхэг ширхэгээр нь дурдах охид хөвгүүд олонтой. Тэгэхдээ тэднийг энэ бүхэнд хүрэхэд ямар амьдрал, ямар зам туулж өнгөрүүлсэн бол гэдгийг нэг удаа ч гэсэн бодож байсан болов уу? Мэдлэгтэй болохын тулд хэдэн ном уншиж, хэдэн шөнө нойргүй хоносон бол, баян, мөнгөтэй, байртай, машинтай болохын тулд амьдралынхаа хэдэн өдрийг хүнд ажил хийж нулимс, хөлсөө дуслуулсан бол, мөн сайхан гэр бүлтэй болох гэж ямар замаар замнасан бол?
Та энэ тухай бодож үзсэн үү? Хэрвээ бодож байгаагүй бол та одоо бодоход хожимдоогүй.
Өөр нэг ойлголтын тухай хэлэхэд таны амьдралын бодит байдал тухайн хүнийхээс огт өөр гэдгийг санаж яваарай. Мөн хүсэл сонирхол, зан төлөв гээд бүх зүйл нь таны боддогоос өөр. Тиймээс та хэн нэгэнтэй адил байх гэсний хэрэггүй.. Өөрийн ертөнцөд, өөрийн гоо сайхан, эд баялаг, эрх мэдлийг л бий болго. Харин тэрхүү зүйлс чинь хэзээ ч давтагдашгүй байх болно гэдэгт итгээрэй.
Бусдын түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгож чадахгүйтэй адил өрөөл бусдын амьдралаар амьдрах гэж зүтгэсний хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө амьдар.