Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт ирэх сарын 6-13-нд Бүх ард түмний спортын өвлийн XVI, Хүүхдийн спортын VII наадам болно. Тус наадам хоккей, гүйлтийн тэшүүр, гүйлтийн цана, уулын цана, снөүбоард, шорт трейк зэрэг зургаан төрлөөр долоо хоног үргэлжилнэ.
Тэмцээн гурван байршилд болно. Үүнд Цэнгэлдэх хүрээлэн буюу Наадмын талбайд гүйлтийн тэшүүр, шорт трейкийн насанд хүрэгчид, хүүхдийн тэмцээн болно.
Хүүхдийн тэмцээн дөрвөн насны ангилалд, эрэгтэй эмэгтэй гэсэн төрлөөр болох бол насанд хүрэгчдийн тэмцээн эрэгтэй эмэгтэй, багийн гэсэн төрлөөр зохион байгуулна.
Тэмцээний зам талбай, мөс нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Иймд Орхон аймгийн Тэшүүрийн холбоо, төрийн байгууллагууд хамтран уг замыг бэлдэж байна.
Талбайн урт 178 метр, өргөн 70 метр бөгөөд мөсний зузаан хамгийн нимгэн газраа 10 см хамгийн зузаан газраа 50 см-ийн зузаантай байна. Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж дуусгажээ.
Тус аймгаас өвлийн спортын хоёр наадмын гүйлтийн тэшүүр, шорт трейкийн тэмцээнд есөн тамирчин оролцохоор бэлтгэлээ хийж байна.