УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг парламент өнгөрсөн 7 хоногт /2023-6-16/ баталлаа.
Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн батлагдсан хувилбарын амин сүнс болох зарим заалтыг тодруулан авч үзье. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно /4.3/:
- Улсын Их Хурлын 78 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар /4.3.1./;
Тайлбар: “олныг төлөөлөх /мажоритар/ арга” гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.
- Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорциональ/ аргаар /4.3.2./
”Тайлбар: “хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорциональ/ арга” гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно. Эдгээр нь УИХ-ын сонгуулийн хууль орж байгаа нэмэлт өөрчлөлтийн амин сүнс нь гэж хэлж болно. Сонгуулийн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлт “хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорциональ/ арга”-ыг дагаж тодорхой заалтууд орж ирж байна. Тухайлбал:
- Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно /29.7./, /29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэг/
УИХ-ын сонгууль холимог тогтоолцоогоор явах болсонтой холбогдуулан тодорхой заалтууд орж иржээ. Сонгуулийн холимог тогтолцоонд багтсан намын жагсаалтаар улс төрийн намууд нэр дэвшүүлчхээд энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ хэлбэрт нь хүний нэр дэвшүүлэхгүй байх нөхцөлийг хаах үүднээс уг хуульд тодорхой заалтууд оруулсан байна. Тухайлбал:
- Сонгуулийн хуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх /74.2.1/;
- Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх /74.2.2/;
- Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх /74.2.3/
- Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх /74.2.4/;
УИХ-ын 78 тойргийн 39, түүнээс дээш тойрогт нэр дэвшигчтэй улс төрийн нам, сонгуулийн холимог тогтолцооны нөгөө жигүүр болох нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлэх эрхтэй болно. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгоход, Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна. Ийм учраас улс төрийн намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчийг 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэхээр зохицуулжээ. Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана. Үүнд:
- Санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргана /74.3.1/.
- Хуулийн шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно /74.3.2/.
- Энэ хуулийн дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана /74.3.3/.
- Хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-д заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж Улсын Их Хурлын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна /74.3.4/.
- Хуулийн дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусгана /74.3.5/.
Тайлбар: “хуваарилагдаагүй суудал” гэж энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нам, эвслийн авсан саналын бүхэл хэсэгт нь ногдох суудал хуваарилахад суудал хуваарилагдаагүй үлдсэн, мөн нам, эвслийн авсан саналд ногдох суудлын тоо нь тухайн нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшигчийн тооноос их тооцогдсоны улмаас суудал хуваарилагдаагүй үлдэхийг ойлгоно. Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн хуулийн дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно.
Саналын хуудас нь дараах хэсэгтэй байна. Тухайлбал:
- сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх /59.4.1/;
- нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх /59.4.2/,
Бүртгэлийн хуудас авсан сонгогчийг сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэгдсэн тухай тэмдэглэгээ хийнэ. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сонгогчийн гарын хурууны хээгээр сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн сантай тулган таниулах ажлыг хариуцна.
Харин сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үеэс нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг тогтоох явдал /эмэгтэйчүүдийн квот/ анхаарлын төвд орж нийгэмд тодорхой хүлээлт бий болгож байсан юм. Сонгуулийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн батлагдсан хувилбарт “нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй /эмэгтэйчүүд/ гэж хуульчлагдсан байна. УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн батлагдсан хувилбар албажиж “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэнэ. Мөн ирэх оны эхний өдрөөс мөрдөгдөнө.