Монгол хэлний тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр төрийн албан хэргийг монгол ба кирилл хос бичгээр хөтөлж эхэлнэ. Ердөө ганцхан жилийн дараа монголчууд шинэ хуучин хоёр бичгээ аль алийг нь хэрэглэж чаддаг хос бичигтэн болоход бэлэн үү?
Хэдийгээр монголчууд хэдэн зууны туршид тогтвортой, өргөн хэрэглэж ирсэн монгол бичгээ 1940-өөд онд тухайн цагийн нөхцөл байдалд захирагдан кирилл бичгээр солих болсон ч өнөө хэр өөрийн монгол бичгээ авч үлдэхийг ихэд эрхэмлэсээр байгаа билээ. 2025 оноос төрийн байгууллагууд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулна гэж буй. Үүний цаад агуулгыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай ч холбож ойлгож болох юм.
Монгол хэлний тухай хууль, Засгийн газрын тогтоол, “Алсын хараа-2050” гэх мэт баримт бичгүүдэд хос бичигтэн болох тухай тусгасан. Гэхдээ эдгээр баримт бичгүүд гарахаас нэлээд өмнө буюу 1985 онд ч монгол бичгийн талаарх эрх зүйн баримт бичгүүд гарч байсан байдаг. 1990-ээд оны эхээр монгол бичгийг сэргээн хэрэглэх хөдөлгөөн өрнөж, 1994 оноос албан ёсны бичиг болгохоор төлөвлөж байсан боловч хэрэгжиж чадаагүй юм. Нэг ёсондоо монголчууд эргээд монгол бичигтэн болох бэлтгэлээ олон жилийн өмнө эхлүүлж байжээ. Энэ бол ганц хоёр жилийн өмнөөс ярьсан сэдэв, зорьсон ажил биш гэсэн үг. Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах шалтгаан хийгээд ийнхүү монгол бичгийг хэрэглээнд буцаан оруулж ирэхийн ач холбогдол юу юм гэдгийг олон талаас тайлбарлаж болох билээ. Тэдгээр олон учир холбоосын хамгийн гол нь хэл ба бичиг үсэг бол аливаа улс үндэстний оршин байхын нэгэн тулгуур баталгаа нь гэсэн ойлголт. Ерөөс өөрийн гэсэн бичиг үсгээ уламжлан авч яваа бол тухайн улс үндэстэн бахархах зүйлтэй үндэстэн мөнөөс мөн гэсэн үг.
Хэл шинжлэлчид, “Аливаа үндэстний оршин тогтнох гол баталгаа нь хэл бичиг нь бөгөөд хэл бичгийн өв сангүй болох аваас тухайн үндэстэн устан арилах том шалтгаан болдог” гэх онолыг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Эх соёлыг өргөн хүндэлдэг хэн бүхэн үүнтэй санал зөрдөггүй. Монголчууд өөрийн гэж өмчлөх бичиг үсэгтэй хамгаалан хариуцах өв соёлтой улс түмэн.
Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтөний зохион хэрэглэж ирсэн маш олон бичиг үсгийн дотроос хэлбэр янз, түүх зэрэг бүхий л талаараа давтагдашгүй өвөрмөц бичиг. Дээрээс доош бичдэг, зурлага бүр өөрийн нэршилтэй байдаг онцлогтой содон бичгээ монголчууд 6-7-р зууны үед Төв Азийн иран угсааны согдуудаас авч, монгол хэлнийхээ онцлогт тааруулан өөрчилж хэрэглэх болсон гэж үздэг. Монгол бичиг нь Монголын Эзэнт гүрний үед дөрвөлжин бичгийн хамт албан ёсны бичиг байсан агаад түүнээс хойш ч албан ёсны бичиг үсэг байсаар XX зууны дунд үед хүрсэн байдаг. Арамей гаралтай согд бичгээс салбарласан бичгээ монголчууд өнөөдрийг хүртэл хөгжүүлэн хэрэглэсээр байна. Согд, уйгур нар өөрсдийн үүсгэсэн бичгээ орхин араб бичигтэн болцгоож, яван явсаар согд үндэстэн, уйгур улс ч үгүй болсноос үзэхүл үсэг бичиг нь улс түмнээ оршоон байлгах хүч ямар ихийг илтгэнэ.
Хүн төрөлхтөн 5000 жилийн өмнө бичиг үсгийг зохион хэрэглэж байсан талаар эрдэмтэд өгүүлсэн байдаг. Монголчууд түүхэндээ уйгур, соёмбо, дөрвөлжин, тод вагиндра гэх мэт 10 шахам бичгийг өөрийн болгон хэрэглэж байсан бөгөөд тэдгээрээс хамгийн урт удаан оршиж байгаа нь монгол бичиг. Монгол үндэстний өөрийн гэсэн онцлогийг шингээсэн бичиг үсэг. Энэ дэлхийн хамгийн гайхалтай, хамгийн урт удаан түүхтэй, онцгой өвөрмөц 7 бичиг үсгийн нэг нь монгол бичиг гэдэг. Их Монгол улсын албан ёсны бичиг байсан монгол бичиг бол монгол үндэстний мянга гаруй жилийн түүхийн гэрч баримт.
Дэлхийн бүх бичиг үсгийн дотроос ганцхан монгол бичиг л дээрээс доош нуруу дагуулж бичдэг босоо хэлбэртэй бичиг. Энэ нь монгол хүний сэтгэлгээний өвөрмөц байдал, ахуйн болон оюуны соёлтой нь холбоотой хэмээн тайлбарлах нь ч бий. Түүнчлэн монголчуудын бэлгэдэл зүй, гүн ухааны сэтгэлгээ, оюуны соёлтой ч нягт холбогдох томоохон бүтээл нь энэхүү гайхамшигт бичиг үсэг юм. Монгол бичгийн зурлага нар зөв эргэлттэй байдаг, бичих журам нарийн дэс дараатай зэргээс үзвэл бэлгэдэл зүйг бичиг үсэгтээ хүртэл шингээж авч явдаг, эртнээс оюуны асар их чадамжтай ард түмэн байсан гэдгийг тод харуулж буй хэрэг билээ.
Ямар ч үндэстний бичгийн хэл ярианы хэлтэйгээ яв цав тохирох боломж байдаггүй. Бичгийн болон ярианы хэл нь хоорондоо үлэмж ялгаатай байх тохиолдол ч элбэг. Тиймийн учир шинэ үгээс ялгаатай, шууд хэрэглэхэд төвөгтэй, дүрэм бичлэг нь өөр гэх мэт шалтаг шалтгаан өөрсдийн бичиг үсгээ эргэн хэрэглэхгүй байх үндэслэл биш юм. Монгол бичиг үсгээ ашиглан хэрэглэх хугацааг хойшлуулсаар байх аваас бид мянган жилийн турш алдалгүй авч яваа бичиг үсгээ бүдгэрүүлэх магад билээ. Тиймээс үндэсний бичгээ өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад чиглэж төлөвлөсөн ажлуудаа шуурхайлах шаардлага нэн тэргүүнийх хэвээр байгаа юм. Аливаа хэлний хэрэгцээ, хэрэглээ нь нэмэгдэх тусам үнэлгээ дээшлэн сайжирна гэдэг. Тиймээс нийгмийн эрэлт хэрэгцээг төр засгийн бодлогоор нэмэгдүүлэх, монгол бичгээ хэрэглээнд оруулахыг системтэйгээр анхаарахыг чухалчлах нь зүй юм.
Монгол туургатны хэдэн зууны түүх соёлын их өвийг тээж ирсэн үндэсний бичиг соёлоо сэргээн хэрэглэх, сурган судлуулах, өв соёлоороо бахархах, монгол хэл соёлоо үнэлж өвлүүлэх нь өнөөгийн монголчуудын үүрэг гэхэд болно.
Эх сурвалж: Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/.