Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр гудамжны хоолны бизнес эрхэлдэг залуусын төлөөлөлтэй уулзаж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх тухай захирамж гаргаснаа танилцууллаа. Тус захирамжаар нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллахыг нийслэлийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Ингэснээр стандарт, шаардлага хангасан гудамжны хоолны үйлчилгээг нийслэлийн нутаг дэвсгэрийн хаана ч чөлөөтэй эрхлэх боломж бүрдлээ.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг бүхий л байдлаар дэмжин ажиллахыг зорьж, оны босгон дээр 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй болсон. Гэсэн хэдий ч иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулах байдал гарсаар байгаа тул дээрх захирамжийг гарган, мөн үндэслэлгүйгээр иргэн, аж ахуйн нэгжид хүнд суртал үзүүлж байгаа төрийн байгууллагын холбогдох албан тушаалтны талаар мэдээлж байхыг хүссэн юм.
Эх сурвалж: Улаанбаатар хот (ulaanbaatar.mn)