Боловсрол ба хүний биеийн хөгшрөлтийн үйл явц нь хоорондоо сонирхолтой холбоо хамааралтай болохыг Америк, Их Британи, Норвегийн эрдэмтэд судлан тогтоосон тухай АНУ-ын Анагаах ухааны нийгэмлэгээс сар бүр эрхлэн гаргадаг био анагаахын шинжлэх ухааны “JAMA Network Open” сэтгүүлд бичжээ.
Эрдэмтэд гурван өөр үеийн 3100 гаруй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, биологийн насыг тодорхойлохдоо ДНХ дахь маркерын шинжилгээнд суурилсан эпигенетик цаг гэдэг шинэлэг аргыг хэрэглэсэн байна. Энэ нь хөгшрөлтийн үйл явцыг судлах чухал арга бөгөөд бие махбод дахь эсийн хөгшрөлтийн түвшнийг илүү нарийн тодорхойлдог ажээ.
Ингээд хоёр жил тутамд шинээр эрдэм мэдлэг эзэмших нь хөгшрөлтийн явцыг 2-3 хувиар удаашруулдаг болохыг тогтоожээ. Харин боловсрол нь хүний биологийн насанд хэрхэн нөлөөлдгийг тогтоогоогүй боловч хүн суралцаж боловсорсноороо илүү чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлдэгтэй холбоотой гэж үзэж байна.