НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 3 /Nature/. Өвчинтэй тэмцэгч шумуулууд, асар хурдтай супер компьютерууд зэрэг 2024 оны хамгийн ихээр хүлээгдэж буй шинжлэх ухааны үйл явдлуудыг Nature сэтгүүлээс нэрлэжээ.
Хиймэл оюун ухаан
Өнгөрсөн онд хиймэл оюун ухаант ChatGPT чатбот шинжлэх ухаанд томоохон нөлөө үзүүлсэн ч уг чатботын нөлөө үүгээр дуусахгүй. OpenAI компани чатботынхоо дараагийн үе болох GPT5-ийг гаргана. Эрдэмтэд мөн GPT-4-ийн өрсөлдөгч болох Google-ийн Gemini хиймэл оюун ухааныг хэрэглээнд нэвтрэхийг хүлээж байна. Том хэлний эл загвараар текст, компьютерын код, зураг, аудио, видео зэрэг олон төрлийн оролтыг боловсруулах боломжтой. Түүнчлэн AlphaFold-ийн шинэчилсэн хувилбар (Google DeepMind-аас) энэ онд гарна. Хиймэл оюунд суурилсан энэхүү программаар уураг, нуклейн хүчил болон бусад молекулын харилцан үйлчлэлийг нарийвчлан загварчлах боломжтой бөгөөд энэ нь шинээр эмнүүдийг гарган авахад тустай.
Хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь түүнийг хэрхэн зохицуулах талаар маргаан үүсэхэд хүргэсэн билээ. Иймээс НҮБ-ын мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг олон улсын хэмжээнд зохицуулах удирдамж, зөвлөмжийг тусгасан эцсийн тайлангаа 2024 оны дундуур танилцуулна.
Одод эрхэс рүү
Чили дэх Вера Рубиний нэрэмжит одон орон судлалын төв нь бөмбөрцгийн өмнөд хагасын тэнгэрийг 10 жилийн турш судлах төслийг эхлүүлэхийн өмнөхөн буюу 2024 оны сүүлчээр багаж хэрэгслээ бэлэн болгохоор төлөвлөж байна. Тодруулбал, 8.4 метрийн телескоп, 3200 мегапикселийн нягтрал бүхий асар том камерыг ашиглан одон орны үзэгдлүүдийг судалж, дэлхийн ойролцоох астероидуудыг хайх ажээ. Чилид мөн Атакама цөл дэх Саймонсын ажиглалтын төвийг 2024 оны дундуур барьж дуусгах бөгөөд сансрын богино долгионы дэвсгэр дэх анхдагч таталцлын долгионы шинж тэмдгийг хайх юм. Тус төвийн дуран авайнууд нь одоогийнхоос 10 дахин их олон буюу 50 мянган ширхэг гэрэл цуглуулагч детектороор тоноглогдсон байна.
Өвчинтэй тэмцэгч шумуулууд
Дэлхийн шумуултай тэмцэх хөтөлбөрийн мэргэжилтнүүд энэ оноос Бразилын нэгэн үйлдвэрт өвчинтэй тэмцэх шумуулуудыг “үйлдвэрлэж” эхэлнэ. Уг шумуулуудыг эмгэг төрүүлэгч вирус дамжуулахаас сэргийлдэг бактерийн омгоор халдварлуулах аж. Ингэснээр 70 сая хүртэлх тооны хүнийг денге чичрэг өвчин, Зика вирус гэх зэрэг шумуулаар дамжин халдварладаг өвчнүүдээс хамгаалж чадах юм. Ирэх арван жилийн хугацаанд ашгийн бус байгууллага жилд таван тэрбум хүртэл тооны бактерийн халдвартай шумуул үйлдвэрлэх гэнэ.
Коронавирусний вакцин
COVID-19 цар тахлын улмаас олон улс орон, тэдгээрийн дотор АНУ дараагийн үеийн шинэ вакцины судалгаа, туршилтыг санхүүжүүлж байна. Тус улсын засгийн газар ийм гурван төрлийн вакциныг туршихад зориулж хөрөнгө мөнгө хуваарилжээ. Тэдгээрийн хоёр нь амьсгалын замын дархлааг бий болгох замаар халдвараас сэргийлэх зорилготой интраназаль хувилбарууд юм. Эдгээрийг SARS-CoV-2-ийн янз бүрийн хувилбаруудаас хамгаалах зорилгоор боловсруулж байна. Гурав дахь нь mRNA-д суурилсан вакцин бөгөөд эсрэгбиеийг хүчжүүлэх, урт хугацааны дархлааг бий болгохын тулд Т эсийн хариу урвалыг идэвхжүүлдэг. Эдгээр шинэ вакцин нь вирусийн олон төрлийн хувилбаруудыг эсэргүүцэх чадвартай бөгөөд COVID-19-ийн халдвараас урт хугацаанд хамгаална.
Сарыг эзэмших хөтөлбөр
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу NASA 1970 оноос хойш анх удаа Сар луу жолоодлогот хөлөг илгээхээр төлөвлөж байна. 11 дүгээр сард хэрэгжүүлэхээр товлосон Artemis II хөтөлбөрийн хүрээнд Orion сансрын хөлгөөр гурван эрэгтэй, нэг эмэгтэй сансрын нисгэгчийг Сар луу илгээх бөгөөд тэд Сарыг тойрон 10 өдрийн нислэг хийнэ. Эл даалгавар нь сансрын анхны эмэгтэй нисгэгчийг, түүнчлэн дараагийн эрэгтэй нисгэгчийг Саран дээр буулгах Artemis III хөтөлбөрийн үндэс суурь болох юм. Хятад улс мөн 2024 онд “Чанъэ-6” аппаратыг Сар луу хөөргөхөөр төлөвлөж байна. Хэрэв уг төхөөрөмжийг амжилттай газардуулбал Сарны ар талаас дээж цуглуулж чадсан тохиолдол болно.
NASA мөн Нарны аймгийн гаднах дагуулуудыг судлах хөтөлбөр хэрэгжүүлж, Clipper сансрын хөлгийг ирэх аравдугаар сард Бархасбадь гаргийн сар Европа руу илгээх юм. 2024 онд мөн Японы сансрын агентлаг (JAXA) “Martian Moons eXploration” (MMX) хөтөлбөр хэрэгжүүлж, Ангарагийн дагуул Фобос, Деймос руу төхөөрөмжүүдээ илгээнэ. JAXA -гийн төхөөрөмж Фобос дээр газардаж, дээж цуглуулсныхаа дараа 2029 онд Дэлхийд буцаж ирнэ.
Хар материйн эрэлд
Нарнаас ялгарч, гэрэл болж хувирдаг харанхуй бодисын бөөмс болох аксионуудыг илрүүлэх туршилтын үр дүнг 2024 онд танилцуулах төлөвтэй байна. Эдгээр бөөмсийг илрүүлэхэд мэдрэмтгий багаж хэрэгсэл, хүчтэй соронзон орон шаардагддаг тул туршилтаар хараахан ажиглах боломжгүй байгаа юм. Хамбургт явуулж буй BabyIAXO туршилт нь нарны дуран авай, рентген детекторуудыг ашиглан аксионуудын хувиргалтаар үүссэн гэрлийг өдөрт 12 цагийн турш хянах боломжтой ажээ.
Үүнээс гадна, энэ онд эрдэмтэд нууцлаг бөөмс болох нейтриногийн массыг илүү нарийвчлалтай тодорхойлно гэж найдаж байна. “Тритиум-нейтрино” туршилтын дараа нейтриногийн массыг тодорхойлох боломжтой гэдгийг тогтоосон бөгөөд нейтрино нь хамгийн ихдээ 0.8 электрон вольтын масстай гэдэг нь тодорхой болжээ.
Ухамсрын тухай маргаан
Ухамсрын нейрон үндэс суурийн талаар шинэ ойлголт бий болж магадгүй байна. Ухамсрын хоёр онолыг шалгахын тулд хэд хэдэн туршилтыг хийж байгаа бөгөөд 2024 оны эцэс гэхэд хоёр дахь туршилтын үр дүнг нийтлэхээр төлөвлөж байна. Туршилтын эхний үе шатанд хоёр онол нь хоёулаа тархины үйл ажиллагааны өгөгдлүүдтэй бүрэн таарч нийцээгүй бол хоёр дахь шатны туршилтыг хийснээр субьектив туршилтын нууцыг тайлахад ойртох ажээ.
Гараг дэлхийгээ аврах нь
2024 оны хоёрдугаар хагаст Хааг дахь Олон улсын шүүх уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой улс орнуудын хүлээх хууль ёсны үүрэг хариуцлагын тухай, мөн уур амьсгалд хор хөнөөл учруулж буй улс орнуудад зориулсан хууль эрх зүйн шийдвэрийг гаргаж магадгүй байна. Шүүхийн энэ шийдвэр нь хууль эрх зүйд шууд нөлөө үзүүлэхгүй боловч түүний үр нөлөө нь уур амьсгалын зорилтуудыг бэхжүүлэхэд тус дөхөм болж, улс орнуудын дотоодын шүүх ажиллагааны журмын эхлэл болж чадна гэж шинжээчид үзэж байна.
Түүнчлэн хуванцрын бохирдлыг арилгах тухай олон улсын заавал биелүүлэх гэрээг байгуулах зорилго бүхий НҮБ-ын хуванцрын асуудлаарх гэрээний хэлэлцээ энэ онд дуусна. 1950-иад оноос хойш дэлхий даяар 10 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэснээс 7 тэрбум гаруй тонн нь хог хаягдал болжээ.
Гайхалтай хурдан супер компьютер
Европын нэг эксафлоп ба түүнээс дээш хурдтай тооцоолол хийх чадалтай анхны супер компьютер болох “Jupiter”-ыг оны эхээр ашиглалтад оруулна. Энэхүү аварга машин нь секунд тутамд нэг квинтиллион тооцоолол хийдэг.
Уг супер компьютерыг ашиглан хүний зүрх, тархины дижитал загварыг эмчилгээний зорилгоор бүтээхээс гадна дэлхийн уур амьсгалыг өндөр нарийвчлалтайгаар загварчлах гэнэ.
2024 онд АНУ-ын судлаачид Иллинойс муж улсын Аргонне Үндэсний лабораторид “Aurora”, Калифорнийн Лоуренс Ливерморын Үндэсний лабораторид “El Capitan” гэсэн хоёр эксафлоп супер компьютерыг суурилуулна. “Aurora” нь тархины мэдрэлийн хэлхээний зураглалыг бүтээхэд зориулагдсан бол “El Capitan”-ыг цөмийн дэлбэрэлтийн хор уршгийг загварчлахад ашиглах юм.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ