Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/
Говийн V догшин ноён хутагт Данзанравжаагийн өв соёлыг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ЮНЕСКО-д баримтат материал буюу документари ангиллаар хэлмэгдүүлэлттэй холбоотой бусад өвүүдийн хамт бүртгүүлэх санаачилгыг гаргаад байна.
Төрүүлж өсгөсөн гөрөөс ээж минь
Төөрөлдсөн янзага намайгаа өршөө…
Данзанравжаа
Монгол Улсад олон мянган хүний амь нас, ажил амьдрал, эрүүл мэндийг хохироож, үр хүүхэд, удам хойчсыг сэтгэл санаа, эд хөрөнгөөр давхар хэлмэгдүүлсэн аймшигт үйл явц 1921-1990 оны хооронд эрчимтэй үргэлжилсэн билээ. Бид үүнийг “Их хэлмэгдүүлэлт, Улс төрийн хэлмэгдүүлэлт” хэмээн тодотгодог. Хэлмэгдүүлэлтийн хамгийн их хор хохирол учруулсан он жилүүд нь 1937-1939 он байв. Энэ үеийн хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан ихэнх хүн өртөж амь насаа алдсан. Мөн нэг хэсэг нь шорон гянданд хийгээгүй хэргийнхээ төлөө хилсээр хоригдож ажил амьдрал, эрүүл мэндээрээ хохирч үлдсэн юм. Түүнчлэн их хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн лам хуврагуудын ихэнх өртөж, Монголын шашин, соёлын төв болж байсан олон зуун сүм хийдүүд үндсэндээ бүрэн устаж үгүй болсон гашуун түүхтэй.
Их хэлмэгдүүлэлтийг эргэн сануулахад…
Орчин цагийн хэлмэгдүүлэлтийн түүх 1921 онд “Саж ламын хэрэг” гэгч зохиомол хэргээр эхлэл нь тавигдаж, 1922 онд Ерөнхий сайд Д. Бодоо нарын 14 хүнийг Шар хаданд буудан хороожээ. Улмаар нам, төрийн зүтгэлтэн С.Данзан нарыг үргэлжлүүлэн хэлмэгдүүлж, 1930-аад оноос хэлмэгдүүлэлт улам зохион байгуулалтай болсны жишээ нь “Лхүмбийн хэрэг” байв. Хэлмэгдүүлэлт 1937 онд оргилдоо хүрч, 1990 он хүртэл бусад хэлбэрээр үргэлжилсэн юм.
Тухайн үеийн ЗХУ-ын шууд зааварчилгаагаар 1937 оны 9 дүгээр сарын 10-нд 115 хүнийг нэрс бүхий жагсаалтын дагуу баривчилж их баривчилгаа эхэлсэн бөгөөд энэ үед 17612 лам, 16 сайд, дэд сайд, 42 генерал, Төв хорооны 11 тэргүүлэгчдээс 9, Төв Хорооны гишүүдийн 83.6 хувь, Хянан байцаах комиссын гишүүдийн 80 хувь, намын гишүүдийн 70 хувийг буюу нийт 30 мянга гаруй хүнийг баривчлан хэлмэгдүүлжээ.
Энэхүү аймшигт он жилүүдийн алдаа завхралыг засаж залруулахаар 1990 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулж, 1996 оноос жилийн бүрийн есдүгээр сарын 10-ыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалынх өдөр болгон хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, хойч үед хүндэтгэл үзүүлдэг болсон юм. Энэ талаар Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, “Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс 1921-1990 он хүртэлх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг олж тогтоох, цагаатгах, нэр төрийг сэргээх, нөхөх олговор олгох, уучлал гуйх зэрэг ажлыг хариуцаж хийдэг. Хэлмэгдсэн хүмүүсийг илрүүлэх, шүүхээр асуудлуудыг нь оруулах, нөхөх олговор олгох ажил улсын хэмжээнд ерөнхийдөө дуусах шатандаа орж байна. Сүүлийн жилүүдэд бид хэлмэгдүүлэлтийн бодит түүхийг олон нийтэд зөв ойлгуулж, дахин хэлмэгдүүлэлт гаргахгүй байх тал дээр нэлээн ажил хийж байна. Тухайлбал, “Гэмшлийн гэрэлт зам” гээд яг тэр хэлмэгдүүлэлт болсон газруудаар явж тухайн нутаг орныхонтой уулзаад, газар дээр очоод баримт, мэдээ цуглуулан баримтат кино хийж байгаа. Энэ хүрээнд Яруугийн хийд, Зая гэгээний хийд гэх зэрэг хэлмэгдүүлэлт болсон бүх газруудаар явж баримтжуулан кино хийсэн. Яагаад “Гэмшлийн гэрэлт зам” гэсэн юм бэ гэхээр тэр хэлмэгдсэн хүмүүс хэдэн үеэрээ эсэргүү, дайсан гэж цоллуулж, дандаа ад үзэгдэж амьдарсан байдаг. Үүнд улс гэмшиж байна. Хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгасан ч үр хүүхэд, хойч үеийнх нь ирээдүй гэрэлтэй гэгээтэй байг гэж ийм цуврал нэвтрүүлгийг хийж байгаа юм. Ер нь бол хэлмэгдүүлэлтийн өдөр гээд жилдээ нэг өдөр цэцэг өргөдөг нь хангалтгүй байгаа юм. Цаашид энэ өдрөөр цуврал том арга хэмжээнүүдийг хийж хэлмэгдүүлэлтээсээ сургамж авч, хойч үедээ үнэн зөв ойлголтыг өгч байх хэрэгтэй юм байна гэж харж байгаа” хэмээн ярив.
Тэрбээр мөн “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс сүүлийн үед гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилж, энэ хүрээнд хэлмэгдүүлэлтийн ажлыг хариуцдаг ижил төстэй байгууллагуудаас туршлага судлах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, БНСУ-д цагаатгалын комисс нь “Үнэн ба эвлэрлийн хороо” гэсэн нэртэй байдаг юм байна. Тэд эхлээд үнэнийг тогтооё, төрийн буруутай үйлдлээс энэ хүнийг хэлмэгдүүлсэн байна, хэрэг хийгээгүй байхад нь амь насыг нь хохироож цаазалсан байна. Шоронд хорьсон байна гэх мэтээр үнэнийг тогтооё. Үнэнийг тогтоогоод төр уучлалаа гуйя, бүр гуйсан шиг гуйя. Тэгээд ирээдүй хойч үе нь эвлэрлийн нийгэмд амьдаръя гэсэн зарчимтай.
Ингэж асуудлыг нэг мөр шийдэхгүй бол төр, иргэдийн хооронд үеийн үед дайсагнал байгаад байдаг аж. Хэлмэгдсэн хүмүүс хэдэн үеэрээ гомдол тээгээд яваад байдаг гэсэн үг. Тиймээс төр уучлалаа гуйж, нөхөх олговроо олгох замаар асуудлыг эцэслэх хэрэгтэй юм байна. Манай комисс хэлмэгдүүлэлтийн бодит түүхийг олон нийтэд зөв ойлгуулж, дахин хэлмэгдүүлэлт гаргуулахгүй байх тал дээр түлхүү анхааран ажиллаж байгаа нь энэ зарчмыг баримталсан хэрэг юм” гэлээ.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс өнгөрсөн хугацаанд улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс 31595 иргэнийг цагаатгаад байгаа аж. Энэ хүрээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 1998 оноос хойш 500 мянга болон 1 сая төгрөгийн нөхөн олговрын хүрээнд 18366 иргэнд 16 тэрбум 595 сая төгрөг, 2018 онд баталсан Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгох хүрээнд 1709 иргэнд 93 тэрбум 140 сая төгрөг, нийтдээ 20075 иргэнд 109 тэрбум 735 сая төгрөгийн нөхөх олговор олгожээ.
Соёлын хэлмэгдүүлэлт ба Монгол Улс
Аливаа хэлмэгдүүлэлтийг дагаж соёлын хэлмэгдүүлэлт болдог, үүнээс үүдэлтэй соёлын өвүүд устаж үгүй болдог үзэгдэл дэлхий дахинд байна. Тиймээс “Соёлын хэлмэгдүүлэлт” хэмээх ойлголт гарчээ. Анх АНУ-ын Луизианагийн улсын их сургуулийн профессор Кевин В.Малкахи 1984 онд Иллинойсын их сургуулиас эрхлэн гаргадаг “Гоо зүйн боловсрол” сэтгүүлд нийтлүүлсэн “Албаны соёл ба соёлын хэлмэгдүүлэлт: Дмитрий Шостаковичийн жишээ дээр” (Official Culture and Cultural Repression: The. Case of Dmitri Shostakovich. KEVIN V. MULCAHY, The Journal of Aesthetic Education, Vol. 18, No. 3, 1984, University of Illinois Press) өгүүлэлдээ соёлын хэлмэгдүүлэлтийн асуудлыг далайцтай хөнджээ.
Соёлын хэлмэгдүүлэлтийг дэлхийд дахинд:
1. Эзэн нь хэлмэгдсэн,
2. Бүтээл нь хэлмэгдсэн гэдэг үндсэн шалгуураар авч үздэг байна. Тухайн соёлыг бүтээгч хэлмэгдсэн, эсвэл бүтээл нь устаж үгүй болсон, олон нийтэд үзүүлж харуулах, нэвтрүүлэхийг нь хориглосон зэргийг харгалзан үздэг гэсэн үг юм.
Орчин үед соёлын хэлмэгдүүлэлтийн асуудлыг зохих түвшинд хөндөж, тодорхой ажлуудыг хийж амжилттай ажиллаж буй улс нь БНСУ юм. Тухайлбал, БНСУ-ын ардчиллын өлгий гэгддэг Гванжу хотод Азийн соёлын төв нэртэй Соёлын яамных нь харьяа агентлаг байдаг. Уг агентлаг нь “Ардчилал, Хүний эрх, Энх тайван” гэсэн үгсийг нэрийн хуудас, зарчим болгодог, 1947, 1980 онд БНСУ-д болсон хэлмэгдүүлэлтийн үеэр өртөж үгүй болсон соёлын өвийг олон нийтэд таниулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байна.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс БНСУ-ын Азийн соёлын төвтэй хамтын ажиллагаа эхлүүлж, цаашид олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Тун удахгүй тус байгууллагын урилгаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон БНСУ-д ажиллаж, Хамтран ажиллах санамж бичиг байгуулах, Азийн хэлмэгдүүлэлт болж байсан орнуудын сүлжээнд нэгдэж орох, Говийн V ноён хутагт Данзанравжаагийн бүтээлийн өвийн үзэсгэлэнг хамтран гаргах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
– БНСУ-ын талтай хамтын ажиллагаа эхлүүлсэн тул манай комиссынхон Өмнөд Солонгост хэлмэгдүүлэлтийн талаар хийж байгаа ажлуудтай шат дараатай танилцаж байгаа. Тэнд хэлмэгдсэн хүмүүсийн архив гэж байна. Бүр энэхүү архиваа ЮНЕСКО-д бүртгүүлчихэж. 1980 онд БНСУ-ын Гванжуд ард иргэдийн бослого гарч, энэхүү бослогыг тухайн үеийн төрөөс хүчээр дарж маш олон хүн хэлмэгдсэн, шоронд орсон, амь насаа алдсан түүхтэй. Энэ бүхнийг солонгосчууд гэрчлээд, баримт материалыг бүрдүүлээд ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. Эндээс бид нар ямар санаа авсан бэ гэхээр ер нь бид ч гэсэн хэлмэгдэгчдийнхээ тухай материалыг ЮНЕСКО-д бүртгүүлэх хэрэгтэй юм байна. Цаашид түүхийн маргаан гарах, гал усны аюул болох зэргээр төсөөлөөгүй эрсдэл гарч архив устаж үгүй болох эрсдэл гарч болно шүү дээ. Тиймээс хэлмэгдүүлэлттэй холбоотой бүх архив, материалаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлчихвэл хэдэн мянган жилийн дараа ч хадгалагдаж байх давуу талтай юм байна гэдгийг олж харлаа хэмээн Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа ярилаа.
БНСУ нь “Соёлын хэлмэгдүүлэлт”-ийн талаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагатай бөгөөд соёлын хэлмэгдүүлэлтийг ойлгохдоо төрийн буруутай үйл ажиллагааны үр дагавар, улмаар “төрийн гэмт хэрэг” гэж үздэг. Мөн энэ талаас судалдаг судалгааны нэгжүүдтэйгээс гадна хуулийн шинжлэх ухааны судлагдахуун болгох хүртэл нь судалсан улс юм. Харин Монголд асар их соёлоо устгаж, үндэсний бичиг үсгээ хүртэл хэлмэгдүүлэн харийн үсгээр сольж байсан атал албан ёсоор “соёлын хэлмэгдүүлэлт”, “төрийн гэмт хэрэг” гэж үзэхгүй өнөөдрийг хүргэжээ. Тиймээс одоо энэ асуудлыг хөндөж шинээр гаргаж ирж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил юм. Цаашид манай улс БНСУ-аас туршлага судалж, амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөөс суралцах шаардлага байна хэмээн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс үзэж тодорхой ажлуудыг эхлүүлжээ. Тухайлбал, Улсын комиссын санаачилгаар Говийн ноён хутагтын музейтэй хамтран НҮБ-ын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж хөтөлбөр”-ийн Ерөнхий удирдамжийн хүрээнд “Дэлхийн баримтад өвийн жагсаалт”-д ноён хутагт Данзанравжаагийн соёлын хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устгагдаж үгүй болсон үнэт өвийг тодорхойлох, түүхийн баримт материал болгон бүртгэлжүүлэх, улмаар үлдсэн үнэт өв, түүний баримтат өвийн дурсгалуудыг хадгалж хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийн үндсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллаж байна.
– Ерөөсөө хэлмэгдүүлэлт гэдэг маань хүнийг хэлмэгдүүлэхээс гадна давхар соёлыг нь хэлмэгдүүлдэг ийм хор уршигтай юм байна. Урьд өмнө нь бид дандаа хүнийг хэлмэгдүүлэх тухай яриад байсан. Гэтэл асар их соёлын өв устаж үгүй болсон, хэлмэгдсэн байдаг. Үүнийг төдийлөн ярьж ирээгүй, соёлын өвүүд дийлэнх нь устаад үгүй болчихсон. Хэлмэгдүүлэлтэд 800 гаруй сүм хийд устсан гэж ерөнхий ярьдаг боловч сүүлийн үеийн тоо баримтаар 1000 гаруй сүм хийд, шашин соёлын төв, түүхэн дурсгалт газрууд, тэдгээрийн дотор байсан өв соёлынхоо хамт устсан гэж байгаа. Энэхүү сүм хийд, түүх соёлын газруудтай хамт устсан ном судар, бурхан шүтээн, шашны төрөл бүрийн хэрэглэлүүд гээд монголчуудын өв соёл, нандин шүтээн болж байсан зүйлсийн үнэ цэнийг өнөөдөр үнэлж баршгүй. Үнэлэх, дүн хэмжээ ярих ч боломжгүй. Тийм л их өв соёлоо бид хэлмэгдүүлэлтийн үед давхар устгажээ. Ямар нэгэн мөнгөн үнэ цэнээр хэмжих аргагүй тийм их өв соёл маань устсан гэсэн үг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ үнэ цэн улам өснө. Энэ их өв соёл устаж үгүй болоогүй байж байсан бол өнөөдөр Монголын өв соёл ямар баялаг байхыг төсөөлөхийн ч аргагүй юм хэмээн хатагтай С.Одонтуяа байр сууриа илэрхийлэв.
Энэ ташрамд дурдахад, Азийн улс орнууд дотроо Монгол Улс, БНСУ нь Зүүн хойд Азидаа төрийн бие даасан хэлмэгдүүлэлтийн асуудал хариуцсан байгууллагатай юм байна. Зүүн хойд Азийн бусад оронд хэлмэгдүүлэлт хариуцсан ийм мэргэжлийн төрийн байгууллага байдаггүй аж.
Соёлын хэлмэгдүүлэлтээс үлдсэн Данзанравжаагийн өвийг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
Говийн V догшин ноён хутагт Данзанравжаа бол 1803 онд Говь мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрж, энэ хорвоод 54 насыг элээхдээ шашин, соёлын хосгүй үнэт өвийг үлдээсэн их соён гэгээрүүлэгч байсан юм. 1930-аад он гэхэд түүний үлдээсэн өв соёлын зүйл 1500 гаруй авдар байсан хэмээгддэг бөгөөд мөн түүний байгуулсан сүм хийдүүд Монголын дорно, өмнө говь нутгийн шашин, соёлын гол төвүүд болж байжээ.
1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед түүний бүтээсэн асар их соёлын өв буюу 1500 шахам авдар өвийг шатааж устгасан байна. Энэ нь 3 сар шахам хугацаанд шатсан гэж нутгийн иргэд ам дамжуулан ярьж иржээ. Түүний энэ их өвөөс 64 авдар өв л бидний үед ирсэн юм. Энэ их өвийг үлдээсэн гавьяатнууд нь Данзанравжаа хутагтын өв соёлыг үе улируулан хадгалж, хамгаалж, хойч үедээ уламжлуулан дамжуулж ирсэн үе үеийн тахилч нар билээ.
Өнөөдөр тэдний ачаар бидний үед ирсэн Данзанравжаа хутагтын өв соёлыг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ЮНЕСКО-д баримтат материал буюу документари ангиллаар хэлмэгдүүлэлттэй холбоотой бусад өвүүдийн хамт бүртгүүлэх санаачилгыг гаргаад байна. Өөрөөр хэлбэл, урьд өмнө нь монголчууд ЮНЕСКО-д соёлын биет болон биет бус өвийг бүртгүүлж байсан бол энэ удаа түүх бүртгүүлэх гэж байна. Үүнд, хэлмэгдсэн монголчуудын баримт материал, бас хэлмэгдсэн соёлын өвийн бүтээлүүдийн талаарх түүхийн баримт бичгүүд, хэлмэгдүүлэлтээс үлдэж хоцорсон өвүүд багтах юм.
Энэ ажлын талаар хатагтай С.Одонтуяа дараах тайлбарыг өгч байна.
-Их хэлмэгдүүлэлтээс азаар бидэнд Ноён хутагт Данзанравжаагийн өв соёлоос хадгалагдаж үлдсэн байдаг. Эднийг тэр үеийн тахилчид, ухаалаг хүмүүс нууж хааж, амь насаараа дэнчин тавьж, газар доогуур урт хонгил хүртэл ухаж байж хадгалж хамгаалж үлдсэн юм. Бид одоо энэ мэт азаар үлдсэн цөөхөн соёлын өвийг цаашид яаж хамгаалах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал, ЮНЕСКО-д Данзанравжаагийн өв соёлыг бүртгүүлэх хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. Энэхүү өвийг бүртгүүлж чадвал дэлхий дахинд гайхагдсан соёлын өв болно. Өмнө нь ЮНЕСКО-гоос Ноён хутагт Данзанравжааг Говийн их соён гэгээрүүлэгч хүнээр зарласан байдаг. Нэгэнт ЮНЕСКО энэ хүнийг зарлачихсан учраас бид нар өв соёлыг нь бүртгүүлэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний аминаас гадна соёлын өв бас ингэж маш олноороо хэлмэгдэж, үрэгдэж алга болсон байна. Тиймээс хэлмэгдүүлэлтээс үлдэж хоцорсон өв соёлоо ЮНЕСКО-д бүртгүүлэх нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа. Данзанравжаагийн музейгээс соёлын хэлмэгдүүлэлтээс үлдсэн өв соёлоо бага багаар дэлгэж байна. Мэдээж бүгдийг нь нэг дор дэлгэх боломжгүй, дэлгэгдээгүй бас нэг хэсэг өв байгаа. Энэ бүхэн нийтээрээ дэлгэгдээд ирэхээр үлдэж хоцорсон өв соёлын хэмжээ гарна…
Соёлын хэлмэгдүүлэлтийн шалгуураар бол 1800-гаад оны үед амьдарч байсан Данзанравжаагийн бүтээл нь хэлмэгдсэн юм. Тийм учраас Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс энэ хүний өвөөр Монгол Улсын соёлын хэлмэгдүүлэлтийн өвийг бүртгүүлэх ажлыг эхлүүлж байгаа аж.
Данзанравжаа хутагтын өв соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил эхэлж байгаатай холбогдуулан Данзанравжаагийн музейн захирал А.Алтан-Очирын байр суурийг сонирхлоо. Тэрбээр Говийн ноён хутагтын өв соёлыг хадгалж хамгаалж, хойч үедээ өвлүүлж яваа тахилч нарын удам, найм дахь үеийн тахилч юм.
-Хутагтын өвүүд бол хэлмэгдүүлэлтэд бүхий л цаг үед өртөж явсан. Өнөөдрийн энэ их өвийг авч үлдсэн гавьяатай хүмүүс бол яах аргагүй тахилч нар юм. Энэ хүмүүсийн арга ухаан, ур чадвараар Говийн ноён хутагтын өв соёл өнөөдрийн бидэнд хүрч ирсэн. ЮНЕСКО-д бүртгэлтэй хоёр монгол хүн байдаг юм шүү дээ. Нэг нь Чингис хаан, нөгөө нь Говийн ноён хутагтын 5 дугаар дүр Данзанравжаа хутагт. Тийм учраас бидний дараагийн хийх ажил бол Данзанравжаагийн нэрийг дэлхийн тавцанд гаргаж, ЮНЕСКО-д хутагтын өв соёл, эд өлгийн зүйлсийг нь бүртгүүлэх юм. Энэ нь хойшид Говийн ноён хутагтын өв соёлыг илүү их хадгалалт хамгаалалтад оруулах, дахин хэлмэгдүүлэлтэд өртүүлэхгүй байх, устаж үгүй болохоос нь аврах зэрэг олон талын ач холбогдолтой юм хэмээн тэрбээр ярилаа.
Түүний танилцуулснаар Данзанравжаагийн музейд өнөөдөр нийт 3000 гаруй үзмэр байгаа аж. Энэ тухай тэрбээр, Манай фондод хадгалагдсан, нийтэд дэлгэгдэх цаг хугацаагаа хүлээж байгаа маш олон үзмэр бий. Мөн дахиад газар дороос гаргаж ирэх асар их үзмэрүүд байгаа. 2028 оноос газар дороос дахиад соёлын өв, үзмэрүүдийг гаргаж ирнэ. Хаана, ямар өв байгаа, хэзээ гаргаж ирэх талаар үе үеийн тахилч нар бие биедээ түүчээлэн захиж дамжуулж явдаг юм. Цаг нь болсон, эсвэл болоогүй гээд зөндөө үзмэрүүд байдаг. Дэлгэгдэх он цагаа хүлээж байгаа маш олон үзмэрүүд байгаа гэж ойлгож болно гэж тодруулав.
БНСУ нь 1947, 1980 оны хэлмэгдүүлэлтийн материалаа ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн, энэ чиглэлээр маш их туршлагатай орон гэдгийг дээр дурдсан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хэлмэгдүүлэлтийн түүх, хэлмэгдсэн хүмүүсийн архив, хэлмэгдүүлэлтэд өртөж үгүй болсон соёлын өвийн жагсаалт болон соёлын хэлмэгдүүлэлтээс үлдэж хоцорсон Говийн V ноён хутагт Данзанравжаагийн өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажилдаа туслалцаа, туршлага солилцохоор тус улсаас мэргэжилтнүүдийг урин авчирч ажиллуулахаар төлөвлөжээ. Монгол Улс анх удаа ийм том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа учраас тун чиг нухацтай хандаж, өргөн хүрээтэй ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний
220 жилийн ой энэ онд тохиож байна.
Уг ойг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейд
“Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнг гаргав.
Энэхүү нийтлэлд тус үзэсгэлэнд тавигдсан
Данзанравжаа хутагтын өв соёлын дээжийн зургийг ашиглав.
Гэрэл зургийг Б.Чадраабал