Монголчууд төр улсаа дахин сэргээж ХХ зууны эхэнд Монголын нэн шинэ түүхийг эхлүүлсэн өдөр бол арванхоёрдугаар сарын 29 билээ. Одоогоос яг 112 жилийн тэртээх энэ өдөр монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, устаж үгүй болохын ирмэг дээр байсан улсынхаа хувь заяаг гартаа атгаж чадсан түүхтэй.
Өөрөөр хэлбэл, Их эзэн Чингис хааны байгуулсан хүчирхэг төр улс бууран доройтож, Монгол хэмээх улс газрын зураг дээрээс баларч арилахад хүрээд байсан нь ердөө зуу гаруйхан жилийн өмнөх явдал билээ. Тэр гунигт цаг үеийн хэцүү бэрхийг зориглон сөрж, ухаан сийргээр улсаа тусгаарлан авч, Шинэ Монголын шинэ түүхийн эхийг тавьсан мэргэн, дайчин өвөг дээдсийн бахархалт түүхийг цаг цагийн монголчууд үеийн үед эрхэмлэн дурсах өдөр бол арванхоёрдугаар сарын 29 юм.
Монголын алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн 1634 онд насан эцэслэснээс хойш буюу 1636 онд Өмнөд Монгол, 1691 онд Халх Монгол ээлж дараагаар Манжид дагаар орж, монголчуудын хэргийг Манж Чин улсын Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яам нэртэй газар тусгайлан хариуцаж байв. Монголчууд 200 гаруй жил харийн эрхшээлд байх тэр үед хүн төрөлхтөний хөгжлийн шинэ үе, техникийн дэвшлийн эрин зуун хэдийнээ эхэлчихсэн, өрнийн соёл иргэншил дэлхийд ноёлох болсон байв. Энэ утгаараа ХХ зууны эхэн гэхэд бүх дэлхий Европын колоничлол дор очсон, харин Гадаад Монгол Хятадын Чин династийн эрхэнд хэвээр байсан юм.
Манж Чин гүрэн Ар Монголыг өөрийн нөлөөний бүс болгон хувиргаж 19-р зууны 2-р хагас хүртэл гадаад ертөнцөөс тусгаарлан барьж байсан ч цагийн эрхээр нөлөө нь суларч, харин Оросын нөлөө Монголд нэмэгдэх болжээ. Энэ үед Манж Чин гүрэн хүч нөлөөгөө тогтоон барихын тулд Монголд “Шинэ засгийн бодлого” гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн нь монголчуудын харийн дарлалаас ангижрах хүсэл зоригийг өдөөсөн байна. Учир юун гэвэл Манжийн “Шинэ засгийн бодлого” нь Монгол нутагт хятадууд суурьшин амьдрах, газар тариалан эрхлэх, монгол хүн хятад иргэнтэй гэрлэхгүй байх хатуу дэгийг халах, монгол газар хятад нэр хэрэглэх, хятад хэлийг албанд хэрэглэхийг хориглож байсныг цуцлах, зөвхөн Манжид хэрэглэж байсан харгис эрүү шүүлтийг тулгах зэргээр монголчуудын эгдүүцлийг хүргэх болжээ.
Ингээд Монголын газар нутгийг эзлэн түрэмгийлж байгалийн баялгийг цөлмөх, хүн амыг хятадчилж ураг удмыг устгах бодлого явуулж эхэллээ хэмээн эсэргүүцсэн монголчууд Манжийн төрөөс тусгаарлах арга зам хайж эхлэв. Манжийн “Шинэ засгийн бодлого”-ыг эсэргүүцэж, улсынхаа тусгаарын төлөөх үйлсийг эхлүүлэн санаачилгыг гартаа авсан хүмүүс бол Ар Монголын хэсэг ноёд болон Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба нар. Өөрийн гэсэн төртэй улс болох хүсэл зоригоор нэгдсэн Ар Монголын ноёд тусгаар тогнолоо зарлаж, төр улсаа байгуулах тухай Богд Жавзандамба хутагттай 1909-1910 оноос сэм хэлэлцэж эхэлсэн байдаг. Үүнээс өмнө 1895, 1900 онд Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт Хаант Орост хандаж Манжаас тусгаарлахыг дэмжихийг хүссэн захидал, элчийг явуулж байсан түүх мөн бий. Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямданзанванчүгбалсамбуу бол хоёр настайдаа Ар Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагтын VIII дүрээр тодорч, 1874 онд таван настайдаа Их хүрээнд ирсэн төвөд хүн байв. Тэрбээр Монголд элэгтэй болж хүмүүжсэн, Монголын төрийн хэрэг, ирээдүйн хувь заяаны төлөө чадах бүхнээ зориулахыг чармайдаг байсан нь түүхийн хуудаснаас уншигддаг билээ.
Халхын ноёд урьд өмнө нь тусгаар улсаа байгуулах талаар хэлэлцэж байсны дагуу 1911 оны зун Богдод даншиг өргөх нэрээр Богд Жавзандамба хутагттай дахин сэм уулзан Хаант Орос улсаас тусгаар тогтнолын үйл хэрэгт тусламж үзүүлэх тухай захидал үйлдсэн байдаг. Төрөө тусгаарлан авахад түшиг болох тал бол Орос улс гэж тэд бүгдээр санал нэгдсэнээс гадна Хаан ширээнээ залах хүн Монголын газар нутаг даяар нэр нь түгсэн Богд байхаар тогтжээ. Монголын язгууртан ноёд хийгээд лам нарыг талцуулахгүй удирдан чиглүүлэх, монгол ард олныг нэгтгэн залах хамгийн боломжтой хүн нь тухайн үед монголчуудын оюун сэтгэлгээний гол удирдагч нь болсон байсан VIII Богд байв. Хангуудын дотроос Чингис хааны алтан ургийн угсаа гарлаараа Түшээт хан Дашням төр тэргүүлэх хамгийн магадлалтай нь байсан боловч нийт монголчуудын дунд амьд бурхан мэт шүтэгдсэн Богд Жавзандамба нь олны оюун санаа хийгээд зориг итгэлийг залж чиглүүлэхэд нөлөө хүч илүүтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хэдийгээр Чингисийн алтан ургийнхан Халх нутгийн 4 аймгийг захирцгааж байсан ч тухайн үед нийтээр хүлээн зөвшөөрөх нэгнийг сонгон хаан ширээнээ залах нь хамгийн зөв зам байлаа.
Манжийн дагуул байсан 200 гаруй жилийн хугацаанд монголчуудад шарын шашин гүн гүнзгий нөлөөгөө үзүүлсэн нь нэгэн талаасаа хувьсгал хийхэд ихээхэн түлхэц болжээ. Өөрөөр хэлбэл шашны ёс сургааль нь төрийн дэг хуультай эн зэрэгцэхүйц түвшинд очтолоо гүнзгийрсэн учраас шашны тэргүүнээ хаан ширээнд суухыг хүлээн зөвшөөрөхгүй хүн Монгол газарт үгүй байсан гэхэд болно.
Хаант Оросоос хувьсгалын үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн Халхын дөрвөн аймгийн хангуудын гарын үсэг бүхий захидлыг Богд Жавзандамба хутагтыг төлөөлж Да лам Цэрэнчимэд, Халхын ноёдыг төлөөлж Чин ван Ханддорж, Өвөр Монголын төлөөлөл болж Хайсан гүн нар авч 1911 оны 7 дугаар сард Хаант Оросыг зорьжээ. Захидалдаа “…олон улсын тогтсон хуульд өөртөө тогтнох чийрэг их улс нь дор бага улсыг тэтгэн туслах ёс бий тул…” хэмээн Оросын хаанаас хамгаалан туслахыг хүссэн байдаг. Энэ нь тухайн цагийн монгол ноёд түшмэд олон улсын харилцааны өндөр мэдлэгтэй байсны нэгээхэн нотолгоо. Мөнхүү өмнө зүгт Хятадыг тусгаар тогтнуулах зорилго бүхий бослого хөдөлгөөнүүд хүрээ тэлж, Манж Чин гүрний засаг захиргаа хэзээ мөдгүй мөхөх нь тодорхой болсон тухайн цагийг ашиглан хувьсгалын тохироо бүрдүүлснийг харахад улсын гадаад дахь нөхцөл байдлыг соргог гярхай ажиглаж, өөрийн улсын алс ирээдүйг түүнтэй уялдуулан нарийн тооцоолох мэдрэмжтэй хүмүүс байсан нь тодорхой байгаа юм.
Ийнхүү Халхын ноёд өөрийн хууль цаазат улсаа байгуулахын төлөө шамдан яаравчилж Орос орны дэмжлэг авахаар 1911 оны 7 дугаар сарын 16-нд мордон, 8 дугаар сарын 2-нд Петербургт хүрсэн байна. Оросын талын сайд нар Монголын Чин гүрнээс салах асуудлыг санал зөрж хүлээн авсан тухай түүхэнд бий. Нэг хэсэг нь дэмжсэн ч нөгөө талд газрын доорх баялаг, мал аж ахуйн түүхий эдээр элбэг Монголыг нөлөөндөө байлгах бодлогоо Хятад, Манж Чин улстай эвдрэлцэхгүйгээр хэрэгжүүлэх гэсэн санаа зорилготой сайд нар байсан аж. Иймийн учир Монголд туслах шийдийг шууд өгөх нь Оросуудад бэрхшээлтэй байв. Гэвч тусгаар тогтнолоо сэргээж авахын төлөө зориг нэгэнт шулуудсан монголчууд өөрийн хүчийг дайчлахаар зүтгэжээ.
1911 оны 10 дугаар сард Түшээт хан Чагдаржаваар ахлуулсан Түр Засгийн газрыг Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар нэртэйгээр байгуулав. Түр Засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлах, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залах бэлтгэл хангах үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн цэрэг дайчлах, зэр зэвсэг бэлдэх, мөнгө санхүү босгох зэрэг ажлыг хариуцжээ. Мөн 1909 оноос эхлэн Хүрээнд сууж, Манж Чин улсын бодлогыг Монголд хүчлэн хэрэгжүүлэхийг оролдож байсан Манжийн амбан сайд Сандо монгол ноёд, лам нарын шахалтаар 1911 оны 12 сарын 4-нд Монголын нутгаас хөөгдөн гарсан байдаг. Энэ мэтээр Монгол газар даяар Манжийн төрөөс улс орноо тусгаарлах үйл хэрэг өрнөсөөр Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу Түр Засгийн газар нь 1911 оны 12 дугаар сарын 29-нд Олноо өргөгдсөн хэмээх Монгол Улсын үндэсний тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж, Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөн залсан түүхтэй.
Дундад Иргэн Улс Манжийн төрийг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо зарлахаас ердөө гуравхан хоногийн өмнө тусгаар тогтнолоо зарласан нь тохиолдлын хэрэг биш юм. Манж Чин гүрэн унаж шинэ Хятад улс байгуулагдмагц Монголыг нөлөөндөө авах гэх нь ойлгомжтой тул түүнээс өрсөх нь туйлаас чухал байв.
Хятадад Манжийн төр унаж буй тул Монгол ийнхүү тусгаар тогтнолоо сэргээн зарлажээ. Учир нь 1636 оны Манжийн Абхайн хааны зарлигт Манжийн төр унавал Монгол Улс өөрийн замаар явна гэж заасан. Тухайн үед тусгаар тогтнолын төлөө зүтгэгсэд энэхүү заалтыг үндэс болгожээ. Манжийн эзэнт гүрнийг үндэслэгч Абахайн 1636 онд буулгасан зарлигт “Да Чин гүрэн мөхсөн тохиолдолд та нар (монголчууд) өмнөх өөрийн хууль цаазын дагуу оршин байх болно” гэсэн байдаг ажээ.
Тусгаар тогтносон Богд хаант Монгол Улс Шинэ Засгийн газраа таван яамтайгаар байгуулсан бөгөөд энэ хувьсгалын үйл хэрэгт эхнээс нь тууштай зүтгэсэн Да лам Г.Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайд, Чин ван М.Ханддоржийг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайд, Түшээт ван Г.Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайд, Далай ван Г.Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайд, Эрдэнэ ван М.Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар тохоон томилжээ. Мөн шинээр өөрийн тусгаар тогтнолоо зарласан тухай ноот бичгийг Франц, Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсад илгээжээ. Ингэж тусгаар тогтнолоо дэлхийд зарлан тунхаглаж, олон улсад хүлээн зөвшөөрүүлбэл асар их зүтгэлээр олж авсан тусгаар тогтнолоо хадгалах юм гэдгийг Монгол төрийн зүтгэлтнүүд мэдэж байсан нь мөн эндээс харагддаг юм.
ХХ зууны эхэнд монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээж, туурга тусгаар Монголын жинхэнэ түүхийг эхлүүлснээс хойш яг зуун жилийн дараа буюу 2011 онд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож хуульчилсан. Чухамдаа арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бол Монгол үндэстэн улсаа сэргээн мандуулж чадсан бахархалт түүхэн өдөр гарцаагүй мөн билээ.
Эх сурвалж: Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/