“Anuka” бренд үүсгэгч 12 настай Х.Анар: Монголд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд өртөг өндөртэй гэцгээдэг. Тэгэхээс ч аргагүй юм билээ
96 дугаар сургуулийн 7 ангийн сурагч Х.Анар өрхийн үйлдэврлэл эрхэлж, төрөл бүрийн үсний боолт, үсний даруулгыг урлаж байна. Тэрээр үсний боолт, хавчаар цуглуулах хоббитой. Энэ хоббиндоо хөтлөгдөж өөртөө зориулж үсний боолт хийснийхээ дараа үеийнхээ найзуудад худалдах шийдвэрийг гаргажээ. Хэрхэн эсгүүр гаргах мөн оёх талаарх зааварчилгааг интернет орчноос үзэж, олон удаагийн уйгагүй туршилтын хүчинд өнгөлөг, загварлаг боолтуудыг хийж сурчээ.Мөн тэрээр хийсэн үсний боолтуудаа АНУ руу явуулж худалдаалахаар болжээ. Түүний урласан онцгой бүтээгдэхүүний нэг нь 9 өнгөний торгоор хийсэн “Энхрий, хонхтой боолт” юм. Монголчууд үр хүүхэд тогтохгүй болон өвчин ороомтгой хүүхдээ муу бүхнээс хамгаалах дом болгож, олон нөхөөстэй болон буруу энгэртэй дээл хийж өмсгөдөг уламжлалтай байсан. Харин жингэнэн дуугарах хонх нь муу, муухай бүхнийг хөөн зайлуулдаг гэлцдэг. Тиймээс энэхүү боолтоо “Энхрий” дээлнээс санаа авч хийж байжээ.







